Авлига нүүрлэсний тод жишээ, 4 давхар байшинг 5 давхар гэж бүтэн нэг давхар идсэн тохиолдол Увсад гарсан. Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Цасчихэрийг нэг давхар байшин “идсэн” хэргээр 2011 онд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2013 ХУД шүүхээс 10 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.
Гэтэл энэ хүнийг 2017 онд "Шивээ овоо" ХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирлаар томилсон. Томилгоог тухайн үеийн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт хийжээ. Ц.Түмэнцогт Увсынх, Э.Цасчихэртэй ураг төрлийн холбоотой. Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй нэг анги, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хүн гэх нь ч бий.
ШИВЭЭ-ОВООД ИРЭЭД БУЖИГНУУЛСАН НЬ...
"Шивээ-Овоо" ХК-ийн дарга нарынх нь 419 сая төгрөгөөр уурхайдаа “шахсан ” хуучин хөдөлгүүр, генератор гурван жилийн туршид нэг ч удаа ажиллаагүй ажээ.
“Эрдэнэс Монгол“ Төрийн өмчит компанийн харьяа Говьсүмбэр аймагт нүүрс олборлогч “Шивээ-Овоо” ХК 2021 онд 8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, татварт 11 тэрбумын өртэй болсон байна. Уурхай ийнхүү ашиггүй ажиллах болсны нэг шалтгаан нь дарга нар нь ажилладаггүй тоног төхөөрөмжийг өндөр үнээр уурхайдаа "шахдаг" явдалтай холбоотой гэнэ.
“Шивээ-Овоо“-гийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ц.Энхтүвшин, дэд дарга Э.Цасчихэр, Д.Алтансүх нар уурхайг хамаатан саднуудаараа дүүргэж, олон жил ажилласан инженер техникийн ажилтан 40 гаруй хүнийг ажлаас нь халжээ. Хяналтгүй, хамаатан саднууд дүүрсэн энэ уурхайн тендэрт дарга нар нь хуучин, огт ажилладаггүй тоног төхөөрөмжүүдийг өндөр үнээр нийлүүлжээ. Тус уурхайгаас зарласан тендэрт “Мөлүү хээр”, “Хаштехник”, ”Ташаа домбон”, “Пинакле” компани ихэвчлэн шалгардаг, авчирсан техник нь ажиллахгүй тохиолдол цөөнгүй.
Баримт 1: 2019 онд тус компани экскаваторын хөдөлгүүр, генератор нийлүүлэх тендэр зарлаж, “Мөлүү хээр” ХХК шалгарч 419 сая төгрөгөөр ЭКГ-10И экскаваторын 3 ширхэг хөдөлгүүр, генератор нийлүүлжээ. Гэвч эдгээр нь хуучин, огт ажилладаггүй хөдөлгүүрүүд байсан бөгөөд техникийн комиссын дүгнэлтээр засварт явуулсан боловч мөн л ажиллаагүй бөгөөд уурхайн хашаанд хэвтсээр байгаа гэх. Энэ тендэрийг шалгаруулах үнэлгээний хорооны комиссын дарга нь уурхайн дэд захирал Э.Цасчихэр байжээ. Тендэрт шалгаруулсан хөдөлгүүр генератор нь ажиллахгүй тул асуудал үүсэнгүүт Э.Цасчихэр дарга “Үнийн дүнгээ та нар буруу тавьсан” гэж ажилчдаа буруутгажээ.
Баримт-2: 2019 онд уурхайд 650 сая төгрөгийн үнийн дүнтэй нүүрс бутлагчийн тендер зарлажээ. Уг нүүрс бутлагч мөн л ажиллахгүй байгаа гэнэ.
Баримт-3: “Шивээ-Овоо” ХК-ийн Техникийн албаны дарга Л.Гэрэл нь уурхайд хэвийн ажиллаж байсан 16 тонны краныг 43 сая төгрөгөөр акталж заржээ. Уг краны төлбөр нь Б.Баяраа гэх /“Шивээ-Овоо” ХК-ийн ажилтан/ иргэний нэрээр компанид орж, эргээд “Бялхам Хүсэл” ХХК-ийн нэрээр уурхайгаас сар бүр түрээсийн 17,5 сая төгрөг авч байгаа тухай яриа гарч байна.