Таван толгой түлш ХХК-ийн захирал асан М.Ганбаатар өнөөдөр сонсголд ирж тайлбар хийлээ. Тэрбээр “Миний хувьд 2012-2022 оны хүртэл Тавантолгой түлш ХХК-ийн захирлаар ажилласан. Маш хүнд үед ажилласан гэдгээ тодотгож хэлмээр байна. Дэлхий даяар тархсан хүнд үед Улаанбаатар хотын 220 мянган айл өрхийн 500 мянга шахам тонн нүүрсний хэрэглээг ханган ажилласан. Агаарын бохирдол 2017 оны чанарын үзүүлэлтийг харвал 4046 тоосонцор метр газарт утаа ихтэй үед унажээ гэх тооцоолол бий. 2022 оны байдлаар тоосонцорын үзүүлэлт 180 болж буурсан. Энэ төсөл хэрэгжснээр агаарын бохирдолд унах тоосонцорын хэмжээ 20 гаруй хувиар буурсан. Улаанбаатар хот нүүх үү, үлдэх үү гэдэг сонголт бидний өмнө байсан. Хил гааль хаагдсан. Тоног төхөөрөмжийг нь авчрах болсон. Манай санхүүжүүлэгч болох Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон байсан. Бусад эх үүсвэр, бондоор санхүүгээ хангадаг болсон. Хэдий алдагдалтай ажиллаж байсан ч Улаанбаатар хотын 220 мянган гэр хорооллын айл өрхийг тасралтгүй түлшээр хангаж ирсэн. 7000 гаруй ажилтан, албан хаагч, тээвэрчдийн зүтгэлээр хийсэн. УИХ-ын бүлгүүдийн хурлаар манай байгууллага хэд хэдэн удаа орж, хэлэлцэгдэж байсан. Гэхдээ энэ төсөл эдийн засгийн үр өгөөж гэхээсээ илүүтэй агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор Үндэсний аюулгүй байдал, УИХ-н тогтоолыг хэрэгжүүлж ажиллах ёстой гэх даалгавар байсан. Анх 150 мянган төгрөгийн өртөгтэй энэ ажил эхэлсэн. Ковидын үе буюу 2020, 2021 онд сайжруулсан түлшийг 75 хувиар хөнгөлж, худалдаанд гаргасан. Үүний үнийн зөрүүнд тодорхой хэмжээний санхүүжилт олгогдсон. 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Үүний 50 орчим хувийг иргэдийн үнийн хямдралд зарцуулсан. Тэгэхээр орлогогүй, түлэх түлээгүй үед сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгаагүй бол иргэд гал алдах аюулаас сэргийлсэн” гэх тайлбарыг өгөв.