alim.mn | 2024.12.23
Х.Оргил-Эрдэнэд хахууль “оруулсан” Лиу Хонниан мөнгөтэй дугтуйн дээрээ овог нэр, компанийн нэрээ бичээд “баларчээ”

Өнгөрсөн оны сүүлээр ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд гүйцэтгэгчээр оролцож буй БНХАУ-ын компаниас 20 мянган юанийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэж зарлагдсан. Хахууль өгөгч “Чан Чю” компаний ерөнхий захирал Лиу Хонниан ч бас баригдсан. Тэрээр 56 настай, цахилгаанчин мэргэжилтэй гэнэ. Энэ хэргийн үйлдэл нь их сонирхолтой, хахуулийн гэмт хэрэгт шинэ гэмээр үйлдэлтэй. Учир нь хятад захирал мөнгөө монгол даргын өрөөнд оруулж тавьчихаад гараад гүйчихсэн гэдэг. Монгол дарга бодвол амаа ангайгаад хоцорсон биз. Х.Оргил-Эрдэнэ нь замын тендерийн гүйцэтгэгч хятад компаниудын захирлуудыг ойр ойрхон дуудаж хурал хийгээд дээр нь компанийн зөвшөөрлийг цуцлах гээд байсан тул Лиу Хоннион хахуульдахаар шийдсэн гэнэ. Ингээд Бээжингээс мөнгөний дугтуй худалдаж авчээ. Дугтуйндаа 20 мянган юань хийсэн байна. Энэ нь бараг 7,8 сая төгрөг болно. Мөн дугтуй дээрээ өөрийн овог нэр болон компанийн нэрийг бичжээ. Гэхдээ монголоор эсвэл хятадаар бичсэн нь тодорхойгүй. Монголоор л бичсэн болов уу.  Нэгэнт хахуулийн мөнгөний дугтуй дээр нэр хаяг нь тодорхой байгаа тул хятад захирал булзах газаргүй болсон. Ингээд өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргассан. Хэрэгтэн нь цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдсэнээ илэрхийлсэн үед хэргийг түргэвчилсэн журмаар шийддэг. Гэсэн ч шүүх хахууль өгөгчийн хэргийг тусад нь шийдвэрлэх нь хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж буй Х.Оргил-Эрдэнийн эрх зүйн байдлыг дордуулна гэж үзээд хүлээж аваагүй. Тэгээд ч экс дарга хахууль авсанаа одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ