alim.mn | 2025.01.02
Нүүрсчид хулгай нуухын тулд хэдэн арван архивын баримтуудыг устгасан нь ил болсоор

Монголын ард түмний баялагт хэдхэн хүн болон тэдний гар хөл болсон компаниуд сандайлж, хэрхэн дураараа авирлаж байсан талаарх мэдээлэл энэ хэдэн хоногт ил болж, монголчууд ч мэдээгүй баялаг, алдагдсан боломжоо тооцож сууна. Нүүрсний хулгай буюу гаалийн бүрдүүлэлтгүйгээр нүүрс хилээр гаргасан, С зөвшөөрөл тойрсон авлига, богинын тээвэр, нүүрсний нэгж үнийн хөнгөлөлт гэх мэтээр бид сая, сая тонн нүүрснээс гадна хэдэн зуун сая ам.долларын ашгаа хэдхээн хүмүүст алдчихжээ.

Гэтэл хариуцсан эрх мэдэлтэн, албан тушаалтан нь асуудлыг өөрсдөөсөө бултуулж, “мэдэхгүй” гэх үгээр мянган асуултын хариулт хийж сууна. Сонсголоор хэд, хэдэн ноцтой асуудал ил болсны нэг нь сүүлийн 10 гаруй жилүүдэд стратегийн орд газруудыг хариуцан ажиллаж буй дарга сэтэртнүүд хийгээд компанийн ажилтнууд маш чухал олон баримт бичгийг алдагдсан боломж, тонн тонн нүүрсний адил санаатайгаар устгасан нь ил болов.

Тухайлбал, УИХ-ын Хянан шалгах түр хорооны нэгдүгээр ээлжийн сонсголын үеэр “жижиг” Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн тогтоол шийдвэр болон хэнд хэдэн тонн нүүрс тээвэрлүүлэх зөвшөөрөл өгч байсан бэ гэдэг баримт бичиг үерт урсаж алга болсон тухай хүн итгэмгүй мэдээлэл ил болж байв. Гэтэл энэ асуудал “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ч давтагдаж, компанийн үйл ажиллагааны амин чухал хэд хэдэн баримтыг санаатайгаар устгасан нь тодорхой боллоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнарангийн хэлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2016 оноос өмнөх хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг багтаасан материалыг мөн устгажээ. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн бүх протокол байхгүй гэсэн үг.  Зам тээврийн сайдаар А.Гансүхийг ажиллаж байх үе буюу 2010-2016 онд долоон тэрбум төгрөгийн 310 мянган С зөвшөөрөл олгосон ч, мөн л бүх баримт  нь устжээ. Монгол Улсын аль ч байгууллагад тэр баримт байхгүй, хайгаад ч олоогүй гэдгээ Түр хорооны дарга Б.Энхбаяр хэлнэ билээ.  Хэнд, ямар компанид хэдий хэмжээний зөвшөөрөл олгосонтой холбоотой нэг ч баримт материал Монгол Улсад байхгүй гэсэн үг. Харин гэрчээр дуудагдсан А.Гансүх өөрийгөө асуудлаас цэвэрхэн бултуулж, АТҮТ рүү “чихээд” өнгөрч буй харагдана лээ.

Мөн гаалиар болон хил хамгаалах ерөнхий газрын дата мэдээлэл буюу хилээр хоосон гарсан хэмээн бүртгүүлсэн 3000 гаруй автомашины бичлэгийг мөн устгасан байсныг супер админы хүчээр эргэн сэргээснээр 5.2 сая тонн нүүрс хилээр хяналтгүй буюу дээрх хоосон машинуудад ачигдаж гарсныг бид мэдэж авав. Тэгвэл өнөөдөр болж буй сонсголын үеэр тэрбум орчим төгрөгийн өртэй атлаа, дарга болон ТУЗ-ийн гишүүдэдээ 1.1 тэрбумын урамшуулал өгчихсөн “Тавантолгой түлш” компанийн санхүүгийн баримт бичиг, худалдах, худалдан авах гэрээ, тендер сонгон шалгаруулалтын баримт бичгүүд мөн устгаж алга болжээ. Энэ юу болж байна вэ. Монгол Улсын уул уурхайн салбарын гол баримт бичгүүдийг хулгайгаа нуухын тулд тэд устгаж, үерт урсгаж, Монгол Улсын бүх архиваас алга болгож чадсан байна шүү дээ.

Ямар шалтгааны улмаас баримтыг устгав гэдэг хардлага ч дагаад гарна. Асуудал байсан учраас л баримтаа устгасан гэсэн үг биз дээ. Гэвч хулгайн мөнгө хэзээд мөр үлдээдэг учраас тэд хэчнээн баримтаа устгасан ч хэн нь хэн бэ гэдгийг энэ өдрүүдэд бид харлаа. Тэд хулгай, хуудуугаа нуухын тулд нотлох баримтуудыг устгаж, биднээс сая сая ам.долларын боломжийг хулгайлсан нь баримтаар нотлогдсон учраас санхүүгийн баримт устгасан хүмүүсийг олж илрүүлэн хариуцлага тооцно гэж найдъя. Сонсгол хийсний үр дүн ингэж л гарах ёстой шүү, Б.Энхбаяр дарга аа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ