alim.mn | 2024.12.22
Оюутолгой ХХК Монголын нэгдсэн сүлжээнээс цахилгаанаа худалдан авах үүрэгтэй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Хэрэглэгч худалдан авагчаа яаж тооцож бодсон бэ. Оюутолгой БНХАУ-аас хэчнээн мгват эрчим хүч авдаг вэ. Танай хувьд 300+150 гэсэн төсөл юм байна. Хятадаас хэдэн төгрөгийн үнэ ханшаар цахилгаан авдаг вэ. Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсоноо Оюутолгойг нийлүүлэх боломжтой юу. Төслийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү” гэв. Түүний асуултад Тавантолгой цахилгаан станцын Гүйцэтгэх захирал Г.Тэнгэр “Манайх 450 мвт-ын гурван блок гээд эхний ээлжинд 300 мвт оруулахаар төсөвлөсөн нь Оюутолгойтой холбоотой. Оюутолгойн хэрэглээ ойролцоогоор 150-160 мвт гэж гэрээ хийхдээ нарийвчилж тохирсон. 2022 оны нэгдүгээр сард байгуулагдсан гэрээгээр Оюутолгой эрчим хүч худалдан авах үүрэг хүлээсэн. Цахилгаан нийлүүлснээс хойш 20 жилийн хугацаатай гэрээ байгаа. Эхний 10 жилдээ хэрэглэсэн эсэхээс үл хамаарч хамгийн багадаа 1.3 тэрбум мвт цахилгааныг манай компаниас авсанд тооцож төлбөр төлнө гэсэн үүрэг хүлээсэн.

Төр хувийн хэвшлийн консерциум анх цахилгаан станцыг барья, Оюутолгойтой худалдах худалдан авах гэрээг байгуулах гэсэн боловч, иймэрхүү нөхцөл амлалтаа өгч, гэрээ байгуулаагүй. Тийм учраас Японы компани гараад явсан. Хөрөнгө оруулалтын гэрээний 7-д заасны дагуу Оюутолгой бол Монголын нэгдсэн сүлжээнээс цахилгаанаа худалдан авах үүрэгтэй. Тухайн үед Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хатуу хэлэлцээр хийсний нэг том бүлэг нь манай станцын асуудал байсан. Энэ тохиролцоонд хүрснээр далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх кнопыг дарсныг та бүхэн мэдэж байгаа. Одоогоор Оюутолгой Өвөрмонголын нэгдсэн сүлжээнээс жилдээ 120-140 сая ам.долларын цахилгаан эрчим хүч худалдан авч байгаа. Энэ манай нийт импортын 66 хувьтай тэнцэж байгаа. Үлдсэн 33 хувийг нь ОХУ-аас импортолж буй цахилгаан эрчим хүч эзэлдэг. Энэ хоёр нийлээд Монголын нийт эрчим хүчний 20 гаруй хувьтай тэнцдэг. Манай станц ашиглалтад орсноор Оюутолгой болон далд уурхайн эрчим хүчийг бүрэн хангахаар тооцоологдоод үүнийг хангахын тулд эхний ээлжинд 300 мвт-ын хоёр блок хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-даа буцаагаад 29 хувь буюу 600 сая квт/ц нийлүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр яригдсан төслүүдийн цахилгааны хэрэглээ байгаа. Тухайлбал, нүүрсний баяжуулах үйлдвэр 17 мвт авахаар захиалга өгсөн. Нийтдээ Эрдэнэс Тавантолгой ХК-ийн жижиг том төслүүд 80.4 мвт-ын хэрэглээ урьдчилсан байдлаар гарсан байдаг. Үүнийг бүрэн хангах боломжтой. Үлдсэн 20 мвт-ын төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх байдлаар төлөвлөсөн. Захиалагч нь Эрчим хүчний яам байгаа. Эрчим хүчний яаманд Тендерийн үнэлгээний хороо нь байгуулагдсан. Манай компанид захиалагчийн хяналтыг тавих үүрэгтэй. Төслийн бэлтгэл ажил, тооцоо судалгааг хангаж ажиллаж байгаа. Тендер шалгаруулалтын Эрчим хүчний яам Үнэлгээний хороогоороо дамжуулж оролцож байгаа” гэсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ