Төрийн өмчит компанийн засаглал бүрэн утгаараа сүйрч, улс төрийн хэт хараат хийгээд улстөрчдөөс хамааралтай хүмүүс ТУЗ-д суудаг буруу жишгээс үүдэн төрийн өмчит компаниуд өнөөдөр бүгд алдагдалтай ажиллаж буйг нуугаад яахав. “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой түлш”, “Тавантолгой” ХК гээд жагсаалт маш урт үргэлжилнэ. Энэ өдрүүдэд өрнөж буй хэлэлцүүлгээс гэхэд л дандаа алдагдалтай ажиллаж, өчнөөн тэрбумын өртэй яваа атлаа дарга нарын ах дүү амраг саднаас бүрдсэн ТУЗ-ийн гишүүдэдээ сая, саяар нь урамшуулал олгож байсан баримтууд ил болж байна.
Тухайлбал, “Тавантолгой” ХК-ийн ТУЗ гэхэд 2009-2020 онуудад,
-ТУЗ-ийн дарга асан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт Ланд 105 машин
-ТУЗ-ийн гишүүн С.Сумъяад эмчилгээний зардал 43.6 сая төгрөг
-ТУЗ-ийн гишүүн А.Жаргалсайханд буцалтгүй тусламжаар 31.5 мянган ам.доллар
-ТУЗ-ийн гишүүн Г.Цог-Өрнөхөд буцалтгүй тусламжаар 36.000 ам.доллар
-ТУЗ-ийн гишүүн Д.Ганболдод буцалтгүй тусламжаар 35 сая төгрөг
-Ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигт буцалтгүй тусламжаар 25 мянган ам.доллар
-ТУЗ-ийн гишүүн А.Идэрцогтод буцалтгүй тусламжаар 25 сая төгрөг
-ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаярт Лексус-570 машиныг тус тус өгсөн нь ил болсон. Мөн Өмнөговь аймгийн өнөөгийн удирдлага Р.Сэддорж Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа урамшуулал авсан, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа ч өөртөө жил бүхэн “сайн ажилласан” хэмээн урамшуулал өгч байсныг ил болгож байв. Тэгсэн атлаа энэ компани өртэй, өндийж босдоггүй нэг янзаараа энэ хүрсэн.
Тэгвэл өнөөдөр өглөө яригдсан “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-д суусан дарга цэргүүд болон улстөрчдийн шахаасны хүмүүс мөн л Үндэсний аудитын дүгнэлтээр санхүүгийн сахилга баттай, зөрчилгүй ажиллуулж чадсан хэмээн үнэлгээ авч, 1.1 тэрбум төгрөгийн урамшуулал өөрсдөдөө авсан нь ил болов. Товчхондоо, утааг ялж чадсан хэмээн өөрсдийгөө дүгнэсэн хэрэг л дээ. Гэтэл өглөө бүх угаарын улмаас хүний алтан амь эрсдэж, өдөр бүхэн монголчууд угаартаж үхэх шахан босож ирж буй нь үнэн.
Гэтэл,
-ТУЗ-ийн дарга, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан цалин 38.2, урамшуулал 22.5, бусад дэмжлэгээр 3.3 сая төгрөг буюу нийтдээ 64 сая төгрөг
-ТУЗ-ийн гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн улс төрийн ажилтан Л.Гүнбилэг 114 сая
-ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайтай хамаарал бүхий, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөх Л.Одхүү 121 сая
-Эрчим хүчний яамны Газрын дарга Б.Насантогтох 53 сая
-Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Пүрэвхүү 78 сая
-УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд агсаны хүү О.Одбаяр 78 сая
-Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан 25 сая
-МАН-ын пиар хариуцсан зөвлөх, МҮОНТ-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Дэмбэрэл 23 сая
-МАН-ын Шинэчлэлийн хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хамаарал бүхий Ш.Батсайхан 30 сая
-Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Дотоод аудитын газрын дарга Х.Нурлат 37 сая гэх мэтээр нийтдээ 20 гаруй хүнд 1.1 тэрбумын урамшуулал олгожээ. Гэтэл энэ байгууллагын санхүүгийн дүн мэдээллээр өнөөдрийн байдлаар 1 их наядын өртэй яваа атлаа хаанаас энэ мөнгийг босгож, хэрхэн урамшуулал болгож өгсөнд хариулт өгөх хүн олдсонгүй.
Ерөөс төрийн өмчит компанийн ТУЗ гэдэг тухайн салбарынхаа талаар ямар ч мэдлэггүй, дарга нарын ах дүү, амраг садан, төрөл төрөгсөд байдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хараат бус ТУЗ-ийн гишүүн П.Өлзийнаран хатуухан хэлчихэв. Тэрбээр, “ТУЗ-д анх ороод мэргэжлийн хүний хувьд маш их эмзэглэж байсан. Энэхүү том саалийн үнээг судалгаа шинжилгээгүй, ямар ч сэтгэлгүйгээр ухаж ирсэн байсан. Яг нинжа шиг. Дарга цэрэг нарын хүүхдүүд, найзууд, ТУЗ-ийн хуралд маш сэтгэлгүй ханддаг. Мэргэжлийн бус, төслөө ойлгохгүй. Уурхай руу огт явдаггүй. Уурхайн тоос идэж үзээгүй хүн яаж хөгжил цэцэглэлтийг бий болгох юм бэ. Яаж технологийн нарийн хөрөнгө оруулалтуудыг хийлгэхийг шаардах юм бэ” хэмээн бухимдаад амжсан билээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д ч дандаа улстөрчдийн хамаарал бүхий сайд дарга нарын эгч ах нар сууж буй. Тэдний хуралдсан тэмдэглэл, нэгэндээ өгсөн урамшуулал, хурлын үеэр хэлсэн байр суурь зэрэг нь бүгд архиваас устгаж, алга болсон учраас өнөөдрийнх шиг хэн хэдэн төгрөгийн урамшуулал авсан гэдэг нь ил гарч ирсэнгүй. Цаашдаа энэхүү хэлэлцүүлгийн дараа ТӨХК-ийн ТУЗ-д хэнийг томилох, нээлттэй ил тод сонгон шалгаруулалт зарладаг систем рүү явахгүй л бол сонсгол болдгоороо болоод дууссаны дараа ч тэд төрийн компанийг шимэгчилж, ар өврийн хаалгаар, ах эгч, дүү нарынхаа татаасаар төрийн мөнгийг идсээр, уусаар байх нь ээ. ТУЗ-д том өөрчлөлт хийх цаг болжээ.