Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Бодь Интернэйшнл ХХК цаашаа ямар гэрээ хийсэн талаар шинжээчийн дүгнэлтийг харуулъя. Танайхаас гэрээнийхээ үнийн дүнг түр хороо руу дарж явуулаад байгаа.
Бодь Интернэйшнл ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Баясгалан: -Манай компанийн туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээг та яриад байна. Нөгөө талд нэрлэсэн худалдан авагчид нүүрс нийлүүлж байгаа гэрээ бол Эрдэнэс Тавантолгой ХК, Бодь Интернэйшнл ХХК, БНХАУ-ын талын компани гээд гурван талт гэрээ байгаа. Тэр гэрээг биднээс хэн ч шаардаагүй. Хэн ч асуугаагүй. Өнгөрсөн онд нүүрсний асуудал гарснаас хойш Ерөнхий сайдад, Эдийн засгийн хөгжлийн яаманд, улсын прокурорт, АТГ, ЭТТ, Тавантолгой ХК-д энэ төсөл дээр техникийн санхүүгийн хууль зүйн ОУ-ын аудит хийх хүсэлт удаа дараа тавьсан. Миний санаж байгаагаад УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгойн орд газартай холбогдолтой асуудлуудаар ОУ-ын аудит хийлгэх шийдвэр гарсан талаар хэвлэлээс харсан. Энэ аудитыг хийлгэсний дараа маш олон асуудал тодорхой болно. Бид 16 орны 700 орчим компанийн 15 мянган орчим хүн энэ төсөлд оролцож, төслийг цаг хугацаанд нь амжилттай дуусгасан. Хамаарал бүхий 30 компани гээд гаргасан. Заримыг нь бүр мэдэхгүй юм билээ.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Туслан гүйцэтгэгч нарын хамаарлын хүснэгтийн эхнээс нь харъя. Та Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Билли Лим нартай хамтран Баян Исгрийт гэдэг компанийг хамтарч байгуулсан. Энэ утгаараа нэгдмэл сонирхолтой гэж үзэгдэж байгаа юм
Бодь Интернэйшнл ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Баясгалан: -Энэ компани Тавантолгойн бүтээн байгуулалтад огт оролцоогүй. Хаа байсан 20 жилийн өмнө хөрөнгө татах зорилгоор байгуулсан компани. 20 жилийн өмнө татан буугдсан. Одоо ажилладаггүй. Билли Лим гэдэг хүнийг тэрбумтан, Монголыг удирддаг гэж яриад байдаг юм. Биллиг таньдаг хүмүүс бүгд мэднэ. Тэр хүн 20 жилийн өмнө монголчуудыг очиход барааг нь зөөгөөд явж байсан жирийн ажилтан хүн. Тэр бид хоёрын энэ ажилд оролцоно гэж юу байх вэ. Бид нарт 30 сарын дотор төмөр замыг дуусгах хатуу шаардлагыг Засгийн газар тавьсан. 2020 оны гуравдугаар сард төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээс хойш 10 хоногийн дараа Монгол улсын хил бүрэн хаагдсан. Монгол Улс нүүрсээ гаргаж чадахаа больсон. Бид тэр олон компанийг сонгон шалгаруулахдаа ажлын гүйцэтгэл, туршлага, ур чадварыг харж сонгоно уу гэхээс биш эзний гарал үүсэл, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэгийг харж чадахгүй. Манай үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Гадаадаас хөрөнгө татсан уу гэдэг асуултдаа хариулна уу?
Бодь Интернэйшнл ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Баясгалан:-2020-2021 он ЭТТ бүтэн жил зогссон. Монгол Улс ч санхүүжилтгүй болсон. Бид энэ хооронд санхүүжилтгүй болсон. Нүүрс гарахаа больсон. Гэрээнд заасан үүргийн дагуу манай компани нүүрс худалдан авагч болон гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллагаас нийтдээ 325.8 сая ам.долларыг босгож төмөр замын төслийг дуусгасан. Сардаа дунджаар 173.6 сая ам.долларын санхүүжилтийг өөрсдөөсөө энэ төсөлд зориулж гаргасан. Зөвхөн 2021 он ЭТТ-аас 72 сая ам.долларын санхүүжилт авсан. Монгол Улс ч нүүрсний худалдан авагчдаас урьдчилж мөнгө авч байсан.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -325.8 сая ам.долларыг хэдний өдөр Гадаадаас татсан бэ?
Бодь Интернэйшнл ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Баясгалан:-Бид төсөл эхэлсэн өдрөөс дуусах хүртэл гаднаас зээл авч байсан. Хамгийн ихдээ 325.8 сая ам.долларыг өдрийг нь тодорхой санахгүй байна 2021 оны 5, 6 сарын үед байх гэж бодож байна.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -Д.Баясгалан даргын гадаадаас хөрөнгө татсан талаарх өмнөх яриаг дэлгэцэнд өгнө үү. Энэ бол таны энэ онд өгсөн ярилцлага. Та 2021 онд 325.8 сая ам.долларыг гаднаас босгосон гэж ярьсан. Гэтэл энэ оны эхэнд буюу хэдэн сарын өмнө 200 сая ам.доллар босгосон гэж ярьсан байна. 120 сая ам.доллар хэзээ нэмэгдсэн бэ?
Бодь Интернэйшнл ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Баясгалан: -Энэ хэвлэлийн бага хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн. Бараг жилийн өмнө гэсэн үг. Хэвлэлийн хурлын үеэр би 200 орчим сая ам.доллар гэж ярьсан. Одоо хаанаас яг хэдэн төгрөгийн санхүүжилт босгосноо тодорхой хэлж өгье. Хятадын ХАА-н банкнаас 143 сая ам.доллар, Bank of china-аас 55.5 сая ам.доллар, Bank of communication –ээс 37 сая ам.доллар, OCBC Сингапурын банкнаас 26 сая ам.доллар, Exim bank of china –аас 12 сая ам.доллар, ICBC-ээс 11 сая ам.доллар бүгд нийлээд 285 сая ам.доллар болж байгаа. Дотоодын банкнаас ойролцоогоор 60-аад сая ам.доллар авсан.