Тус компанийн эцсийн өмчлөгч нь Б.Энхбаяр агаад тухайн үед гүйцэтгэх захирлаар нь С.Батсайхан ажиллаж байжээ. Тэрээр ДХИС-тай программ хангамж нийлүүлэх гэрээний дагуу хамтран ажиллахдаа 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах явцад тус сургуулийн цахим бүртгэлийн программд татагдсан элсэгчдийн ЭЕШ-ын оноонд их сургуулийн босго оноогоор тэнцээгүй дөрвөн хүүхдийг тэнцсэн элсэгчийн жагсаалтад оруулж тэнцсэн тухай мессежийг хүргүүлэх замаар цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хүүхдүүдийн талынхан доорхи замаар “Ай Эф Ти Софт”-ийнхантай холбогджээ.
“...Би Энхбаяр гэдэг залуутай эмээтэй нь хамт эмнэлэгт хэвтэж байгаад танилцсан. Шаардлагатай үед надаас мөнгө зээлчихдэг их найдвартай хүүхэд юм. Манай ах Б-ийн хүү Б ДХИС-д орох сонирхолтой байсан бөгөөд би Энхбаярыг ДХИС-тай хамтарч ажиллаж байгааг сонсоод манай ахын нэг хүүхдийг тус сургуульд оруулахад таних мэдэх хүн байна уу гэж сураглаж байгаарай гэж захисан. Тэр надад Батсайханы утсыг өгсөн. Утсаар холбогдоход “шууд хэлж чадахгүй нь мэдэж л байя” гэсэн. Нэг над руу залгаад “би машин шүргэчихлээ мөнгө байвал зээлээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь Энхбаяраар дамжуулан зургаан сая төгрөг өгсөн. Би юм гуйсан учраас мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөнөөсөө 3.8 саяыг нь буцааж авсан. Энэ явдлын талаар би ахдаа ч хэлээгүй байсан...”
Өөр нэг хүүхдийг хадам нь “зуучилжээ”.
“... Манай хүргэн ДХИС-ийн элсэлтийн программыг хариуцан ажиллаж байгаа талаар би мэдэж байсан. Манай ахын хүүхдийн ангийн хүүхэд ДХИС-д орох хүсэлтэй боловч чадахгүй байгаа тухай сонсоод миний дугаарыг өгчих гэсэн. Би тэр хүүхэдтэй утсаар холбогдоод уулзсан. “Хэрэв сургуульд оруулж өгвөл шагнана” гэж хүүхдийн ээж хэлсэн учир би хүргэндээ дамжуулахад зөвшөөрч, элсэлтийн программ хариуцдаг тул сургуульд тэнцүүлж өгсөн. Ер нь бол 5.5 сая төгрөг авсан...”
Дээрхи хүүхдүүдийн гар утсанд “Та ДХИС-д тэнцсэн байна. 2021 оны 8-р сарын 24- ний өдөр ДХИС-д ирж эмчийн үзлэгт орно уу” гэсэн мессеж иржээ. Тэд эмчийн үзлэгт орж улмаар хичээлдээ явж эхэлсэн. Гэсэн ч сарын дараа элсэгчдэд тавигдах босго онооны шаардлага хангахгүй хүүхдүүд тэнцсэн элсэгчийн жагсаалтад орж эрэмбэлэгдсэн нь бичиг баримтын шалгалт болон Боловсролын үнэлгээний төвийн оноотой тулгалт хийх явцад илэрчээ.
Харин С.Батсайхан нь “... Элсэлтийн программ нь миний өмч. Би Боловсролын үнэлгээний системд нэвтрээгүй. Зөвхөн өөрийнхөө программд өөрийнхөө эрхээр нэвтэрсэн. Тухайн үед элсэгч хүүхдүүд цөөн, анги дүүргэлт муу байсан. Хоёр хүүхдийн оноог нэмж оруулах үед араас нь жагсаж орох гэж байсан хүүхэд байгаагүй, хэн ч хохироогүй ...” гэжээ.
Гэсэн ч шүүх түүнийг оноо өөрчлөх замаар ДХИС-д элсэн суралцуулах журмыг зөрчин, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулан цахим мэдээлэлд хууль бусаар халдсан хэмээн үзэж 10 сая төгрөгөөр торгожээ. Харин дээрх дөрвөн хүүхдийн нэг нь сургуулийн санаачилгаар, бас нэг нь өөрийн хүсэлтээр сургуулиас гарчээ. Үлдсэн хоёр нь ЭЕШ-аа дахин өгч үргэлжүүлэн суралцаж байгаа гэнэ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.