Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2023 онд нийт 2401 удаагийн гүйлгээгээр 2.58 их наяд төгрөгийн мөнгөн зарлага хийжээ. Гэвч 202 удаагийн гүйлгээгээр хийсэн 2.4 тэрбум төгрөгийн зарлагын тайлбарыг шилэн дансанд мэдээлэхдээ “Батлагдсан төсвийн дагуу”, “Батлагдсан төсвийн дагуу санхүүжилт”, “Батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагааны зардалд” гэх зэргээр мэдээлжээ. Иймээс тухайн зардлууд юунд зарцуулагдсаныг тодорхой мэдэх боломжгүй байна.
Түүнчлэн “Батлагдсан төсвийн дагуу” гэсэн зарлагын мэдээлэл дотор 121 удаагийн гүйлгээгээр хийсэн 1.26 тэрбум төгрөг шилжүүлсэн мэдээлэлд харилцагчийн мэдээллийг “Бүртгэлийн дугаараар” гэж мэдээлсэн буюу ямар аж ахуй нэгж, иргэнд тухайн мөнгийг шилжүүлсэн нь тодорхойгүй. Ямар зорилготой, хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй 1.26 тэрбум төгрөгийн энэхүү шилжүүлгээс 651.6 сая төгрөг нь гадаад болон дотоод томилолтын зардал байна.
Төрийн өмчит томоохон компаниуд шилэн дансны мэдээллийг хөтлөхдөө мөнгөн гүйлгээний орлого, зарлагын мэдээллийг бүрэн бус хөтөлдөг, ойлгомжгүй нэршил тэмдэглэгээ ашигладаг, гүйлгээний баримтыг хавсаргадаггүй гэх зэргээр санхүүгийн ил тод байдлыг хангах ажлыг нэр төдий хийдэг үзэгдэл байсаар ирсэн. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ энэ онд эзэн, хаяг, зорилго тодорхойгүй 1.26 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна.