Орос чихэр зардаг гэж Ховддоо танигдсан О.Батнасан гэж бизнесмэн УИХ-д 2016-2020 онд суугаад гарсан. УИХ-ын чуулган тусгай сувагтай болсон, мөн телевиз болгон чуулганыг дамжуулдаг, цахим хөгжсөн үед энэ хүн түмэн олонд тэгтэл танигдаагүй. Ховдын торгууд О.Батнасан торгуудын төлөөлөл ТаванБогдын Баатарсайхан, “Номин холдинг”-ийн аав хүү А.Шагдарсүрэн, Ш.Баярсайхан нарын дэмжлэг туслалцаатайгаар гишүүн болж чадсан гэж ярих юм билээ.
Ховдоос сонгогдсон ч хотод төдийлөн танигдаагүй экс гишүүн О.Батнасанг 2021 оны наймдугаар сарын 16-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Жил гаруй ажиллачихаад гэнэт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Сонирхолтой нь, О.Батнасан захирал ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөс гуравхан сарын өмнө буюу 2022 оны 2 сарын 23-нд ”Каус Австралис” ХХК-тай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын өртөөнөөс “УБТЗ” ХНН-ийн Зүүнбаян өртөө хүртэлх төмөр замаар 600 мянган тонн нүүрс тээвэрлэх гэрээ байгуулжээ.
Мөн яг адилхан мөртлөө 660 мянган тонн нүүрс тээвэрлэх гэрээг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Tangshan Haigang Shengbao Mining” компанитай хийсэн байгаа юм.
Эдгээр гэрээ нь гэрээг байгуулсан өдрөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөнө гэжээ. Тиймээс гэрээний хугацаа дууссан.
Гэтэл дээрхи хоёр компанийн 1 сая 260 мянган тонн нүүрсээс ердөө хоёр компанийн нийт 50 орчим мянган тонн нүүрсийг л тээвэрлэж өгсөн. Урьдчилгаа буюу дэнчинд дээрх хоёр компаниас тус бүр 1 сая ам.долларыг “Монголын төмөр зам” компани авчихсан.
Гэрээг уншихад бол тун бүрхэгдүү. Дээрх хоёр гэрээний дүн л гэхэд нийт тээвэрлэх ачааны хэмжээ 1 сая 260 мянган тонн буюу мөнгөн дүнгээрээ ойролцоогоор 18.2 сая ам.долларын дүнтэй. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусч, биелэлтийг нь харахад гэрээ байгуулсан өдрөөс хойшхи 9 сарын хугацаанд ердөө 50 мянган тонн буюу 700 мянган ам.долларын ачааг нь л тээвэрлэсэн байдаг. Урьдчилгаагаа ачааг нь тээвэрлээд төлбөрийг нь хийсэн урьдчилгаандаа хүрэнгүүт дараагийн төлбөрөө хийгээд үргэлжлүүлээд явна гэж заажээ. Тэгэхээр 1 сая ам.долларт ойролцоогоор 70 мянган тонн ачаа тээвэрлэж өгнө гэсэн үг.
Тухайлбал “Каус Австралис” ХХК-тай байгуулсан гэрээг нийт дүнгээр нь болохоор 8.7 сая ам.долларын гэрээ, үүнийхээ 1 сая ам.долларын гэрээг байгуулангуут үлдсэн ачааг тээвэрлээд энэ дүндээ хүрэнгүүт дараагийн 3 сая ам.долларыг төлж тээвэрлүүлэх гэх мэтчлэн ийм байдлаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 600 мянган тонн ачааг тээвэрлэж өгнө гэж гэрээлсэн байгаа юм.
Харин “Tangshan Haigang Shengbao Mining” компанитай хийсэн гэрээний дүнд 660 мянган тонн нүүрс тээвэрлэнэ гэж заасан нь үнийн дүнгээр бодож үзвэл 9.5 сая ам.доллар. Үүнийхээ урьдчилгаа 1 сая ам.долларыг гэрээ байгуулангуут өгөөд тээвэрлэлт үргэлжлээд энэ мөнгөн дүнд хүрэнгүүт дараагийн 3 сая ам.долларыг өгөөд тээвэрлүүлэх маягаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 660 мянган тонн ачааг тээвэрлэж өгнө гэж мөнгөн дүн тавихгүйгээр хийсэн гэрээ байх юм.
Түр баталсан тарифаар нэг тонн нүүрсийг нийт 416 км төмөр замаар тээвэрлэхэд ойролцоогоор 14.5 ам.доллар гэж тооцсон юм билээ.
Эдгээр гэрээний тухайд “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг “Надад мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын гэрээ хийчихээд байна” гэж бухимдаж, хаалттай хуралдаан дээр зарласан аж.
Үүнтэй холбоотойгоор 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “ЭТТ компани нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилтийг хариуцаж ажилласан. Тусгай зөвшөөрлийг нь дангаараа эзэмшдэг. Засгийн газрын тогтоолоор “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “ЭТТ”-д, 34 хувийг нь “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлсэн. Мөн энэ тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгочихоод байсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тус зөвшөөрлийг цуцалж “Зүүнбаян төмөр зам” ХХК-д шилжүүлсэн учраас “Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ачааг ачих гэрээ хэлцэл хийх боломжгүй болсон. Цаашид /уг төмөр замын суурь бүтэц ашиглалтад орох хүртэлх хугацаанд буюу ойрын гурван жилдээ бололтой/ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспорт, ачаа тээвэрлэхтэй холбоотой аливаа гэрээ, хэлцлийг зөвхөн “ЭТТ” бүрэн хариуцна” гэсэн” албан бичгийг илгээсэн юм билээ.
Экс гишүүн О.Батнасан зүтгүүр ч байхгүй, тээвэрлэх боломжгүй нөхцөлтэйгээ мэдсээр байж дотоод, гадаад хоёр компанийг хуурч, төмөр замынх нь санхүүжилтийг гаргаж, 66 хувийг нь эзэмшдэг “ЭТТ” компанид ч мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын гэрээ хийчихсэн, гэрээлсэн компаниудынхаа ажлыг хийж өгөөгүй, хийх ч боломжгүй болсон гэх. Төрийн компани учраас хохирлыг ямар нэг аргаар барагдуулж таарна. Харин О.Батнасан захиралтан ямар хариуцлага хүлээх вэ?