Америкийн тэнгисийн цэргийн командлал коронавирусийн халдвар дэгдээд байгаа нисэх онгоц тээгч "Теодор Рузвельт"-ын ахмад Вретт Сроцерийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Нийтдээ 4000 хүний бүрэлдэхүүнээс 113 усан цэрэг халдвар аваад байгаа тул хөлөг Гуамын арлын ойролцоо далайн өөрийгөө тусгаарласан. Үүссэн нөхцөл байдлаас болж хөлгийн удирдлага нь тэнгсийн цэргийн командлалтайгаа зөрчилдөөд байсан билээ. Хөлгийн ахмад анхнаасаа халдвар аваагүй усан цэргүүдийг эрэгт буулгах зөвшөөрөл хүссэн бол командлал нь "өвчний улмаас үүдсэн бага зэргийн айдаст автах хэрэггүй" хэмээн няцаасаар ирсэн. Эцэст нь ахмад командлалдаа хандан захидал бичсэнээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацсан байна. Тэрээр "хөлгийн бүрэлдэхүүний 4000 хүн үхэх ёстой мэт болж байна" гээд дээд командлалаа Америкийн тэнгисийн цэргийн маш үнэ цэнэтэй бие бүрэлдэхүүн болон хөлөгт хайхрамжгүй хандаж байгааг хатуу шүүмжилжээ. Ахмадын захидал хэвлэлд гарсаны дараа тэнгисийн цэргийн командлалын тэвчээр ч барагджээ. Тэд юу юунаас илүүтэйгээр цэргийн нууцыг чандлан сахих учиртай ахмад мэдээллийг олон нийтэд цацсанд ихэд дургүйцэж албан тушаалаас нь шууд чөлөөлжээ. Гэхдээ халдвар аваагүй, шинжилгээний хариу нь сөрөг гарсан усан цэргүүдийг Гуамын эрэгт буулгах арга хэмжээг авч эхэлжээ. Эхний ээлжинд 1000 хүнийг буулгаад байгаа бол дараагийн удаад 2700-г нь эрэгт гаргах гэнэ. Тэднийг тусгай хуаранд хоёр долоо хоног тусгаарлах аж. Олон нийт халагдсан ахмадыг албан тушаалаа золиослон байж халдвар аваагүй усан цэргүүдийг халдврын голомт болсон хөлгөөс буулгаж чадлаа хэмээн сайшааж байна.
Эх сурвалж : https://www.businessinsider.com/navy-relieves-uss-theodore-roosevelt-captain-loss-of-confidence-2020-4