Экс гишүүн М.Билэгтийн 4 дүгээр эмнэлэг УИХ-ын Б.Дэлгэрсайханы мэдэлд шилжсэн үү?
Одоо ч бараг ядуу айлын хүү болж төрснөөс баян айлын нохой болж төрөх нь амьдрахад амар ч байж магадгүй. Одоо УИХ-ын гишүүдийг дагасан залуус гайгүй байр сууринд хүрдэг бололтой.
УИХ-ын гишүүн асан М.Билэгт Монголд хавдрын эмнэлэг барьсан зүйрлэшгүй ачтан гэгддэг. Экс гишүүн М.Билэгт УИХ-ын гишүүн байхдаа буюу 2017 онд “Ачлал трейд” ХХК-иараа Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авч, ХСҮТ-ийн хашаанд 120 ортой, 13 давхар, эмнэлгийн зориулалтай барилга ашиглалтад оруулсан.
Тэгвэл бизнес леди М.Билэгтийн 13 давхар эмнэлгийн барилгыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы туслах, хувийн компаниудынх нь захирлаар ажилладаг Б.Баяржаргал гэгч залуу төрсөн эгч Б.Золжаргалын хамт 20 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулжээ. Улмаар 20 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр тохижуулж, “Дөрөвдүгээр эмнэлэг” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы туслах, хувийн компанийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг Б.Баяржаргал хэмээх залуу бий. Эрхүүгийн Зам харилцааны Их сургуулийг 2010 онд Төмөр замын ачаа тээврийн удирдлага, төмөр замын инженер мэргэжлээр төгссөн. Төгсөж ирмэгцээ Б.Дэлгэрсайханы “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн Тээврийн газрын даргаар ажилласан. Улмаар Б.Дэлгэрсайханыг 2016 онд УИХ-ын гишүүн болмогц туслахаар нь ажиллаж эхэлсэн намтартай.
Б.Баяржаргал Б.Дэлгэрсайханы туслахаар ажиллаж байхдаа хууль бус мөнгө угаалтыг нь ч хариуцаж байсан байж магадгүй гэх хардлага бий. Учир нь 2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчид тухайн үеийн “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн хууль бус мөнгө угаалтын мөрөөр орж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснээ зарлаж байв. Мөрдлөгийн явцад “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрнямын Хонгконгод байгуулсан “Glass Trading Limited” компанийн данснаас “Скай профешнл ложистик” ХХК-ийн данс руу 7.5 сая ам.доллар шилжүүлсэн баримт илэрсэн.
УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаагийн дансанд 250 000 ам.доллар, “Скай профейшнл ложистик” ХХК-ийн захирал Ц.Жүгдэрнямын дансанд 320 000 ам.доллар, хүү Ж.Гарьдын дансанд 120000 ам.доллар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы дүү Б.Учирсайханы дансанд 120 000 ам.доллар, УБТЗ-д ажилладаг Б.Энхбаярын дансанд 38000 ам.доллар тус тус шилжиж орсон тухай хэвлэлд гарч байв.
Тэгвэл “Скай профешнл ложистик” ХХК-ийг Б.Дэлгэрсайхан туслах Б.Баяржаргал, түүний төрсөн эгч Б.Золжаргал нар эзэмшдэг гэж байв.
Хамгийн сүүлд, 2021 онд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан төрсөн ах Б.Ганхуягийнхаа төрсөн хүү Г.Гантулгын нэр дээр “Монголиан транс лайн” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь туслах Б.Баяржаргалыгаа томилсон. Улмаар Б.Дэлгэрсайхан 2022 онд “Монголиан транс лайн” ХХК-ийн нэрээр Засгийн газартай концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг тус компаниар бариулж, өнгөрөгч 2022 оны 11 дүгээр сард нээлтээ хийсэн. Зүүнбаян-Ханги төмөр замын нээлтийн үеэр Б.Дэлгэрсайханы туслах Б.Баяржаргал нь “Монголиан транс лайн” ХХК-ийн захирлын хувиар гол дүр байлаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрсөн хугацаанд Б.Баяржаргал гэх залууг хувийн туслахаараа ажиллуулж, бизнесээ ч түүнд даатгаж иржээ.
Одоо Б.Дэлгэрсайханы туслах, төмөр замын компанийг нь хариуцдаг Б.Баяржаргал нь 2021 онд төрсөн эгч Б.Золжаргалтайгаа хамтран “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-ийг байгуулжээ. Улмаар УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Хөгжлийн банкны зээлээр барьсан 13 давхар эмнэлгийн зориулалттай барилгыг нь 20 жилийн хугацаатай түрээслэх түрээсийн гэрээ байгуулжээ. Ингээд 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулж, өнгөрөгч 2022 оны нэгдүгээр сараас “Дөрөвдүгээр эмнэлэг” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Төрийн түшээгийн туслах, төмөр замын инженер мэргэжилтэй Б.Баяржаргал эмчийн цагаан халад өмсөж, “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн ТУЗ-ийн дарга болжээ. Төрсөн эгч Б.Золжаргал нь маркетингийн менежер мэргэжилтэй боловч “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Экс гишүүн М.Билэгт, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан хоёрын хооронд ямар наймаа явагдав гэж хүмүүс сонирхож байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
иргэн
10 сарын өмнө
66.181.178.147
шалгах ёстой газар н шалгах байлгүй дээ. Дэлгэрсайхан одоо боливол болих болсон бхөө
Төстэй мэдээ