УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гэж бэлтэй цөстэй эр Монголд бий. Цагдаагийн мөрдөн байцаагч тэрбээр бизнес эрхэлж, Монголын толгой баячуудын тоонд орсон. УИХ-ын гишүүн болсон хойноо хятад иргэнийг зодож хүнд гэмтээлээ гэж хэвлэлээр бичигдэж байв. Түүнийг 2000 гаруй вагонтой, 10 гаруй авгайтай гэж атаархсан улс нь муулдаг. Анхны ханиа авто ослоор алдаж, харамсаж шаналахдаа “Сүүлчийн шөнө” дууг захиалан хийлгэж, “Харанга”-ын Лхагваагаар дуулуулан дүрсжүүлсэн. Энэхүү дууны клипэнд Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Хакухогийн эгч Цолмон хоёр хослон тоглосон байдаг билээ. Анхны эхнэрээсээ хойш амьдрал нь нэг тогтож өгөхгүй, дуучин жүжигчин, усны гүнж гэхчлэн бүсгүйтэй нэр холбодог байлаа. Тиймээс ч 10 гаруй эхнэртэй гэсэн яриа гараа биз. Одоо УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайханы амьдрал тогтжээ. Улсын баяр наадмаар нүдэнд дулаахан сайхан бүсгүйтэй хамт наадамлаж, олон сайхан бүсгүйгээс онцлон шилж сонгосон юм шиг үнэхээр хатан заяатай сайхан бүсгүй юм гэж хэрэгт дуртай улс шинжиж байна.
Хэнээс ч хулчийдаггүй Б.Дэлгэрсайхан сайд “Яадаг юм, би оффшорт данстай” гэж аархан байв. Аархахаас ч аргагүй юм. Оффшортой холбогдсон түүхээс сөхвөл...
Сангийн сайд С.Баярцогт оффшор дансан дахь их хэмжээний мөнгөний эх үүсвэрээ ихэд нууцалж байсан. Гэвч уг мөнгөний эзэн нь С.Баярцогтын тойрог Сэлэнгэ аймагт хятадуудтай хамтран Төмрийн хүдэр олборлогч /УИХ-ын гишүүн/ Б.Дэлгэрсайханы мөнгө байсан гэж байсан билээ. Шинэхэн сайд Б.Дэлгэрсайхан хэдэн жилийн өмнө хууль хяналтынханд мэдүүлэхдээ:
“Би 2008 онд С.Баярцогт руу нийт 8.2 сая Евро шилжүүлсний 1.2 сая нь түүний надад бэлнээр өгч, миний гадаад улс дахь данснаас өөрийнхөө “Кредит Свисс” банкны данс руу шууд шилжүүлүүлсэн мөнгө. Харин 7 сая евро нь миний түүнд зээлсэн мөнгө. Би С.Баярцогт руу анх 8.2 сая еврог шилжүүлэхэд дансны дугаар нь ч тоо, данс эзэмшигч нь тоогоор илэрхийлэгдэж байсан. С.Баярцогтын данс гэж мэдэгдэхгүй байсан. Тухайн үедээ би ямар сонин юм бэ гэж бодож байсан. Над руу буцаагаад С.Баярцогт 2009.03.25-нд 500.000 ам доллар, 2013.12.30-нд 674.005 евро,1.489.000 ам доллар, 2014.01.07-нд 2.561 ам долларыг тус тус шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг С.Баярцогт манай компаний худалдан авсан уул уурхайн техникийн төлбөрт буюу “Моннис “ компаниас авсан Терекс гээд өөрөө буулгагч, 33 хүнд даацын автомашин худалдах гэрээний төлбөрөөс холбогдох компанид шууд шилжүүлэх зэргээр төлж, надад өгөх өр төлбөрөөсөө хасуулсан. Би С.Баярцогтоос 4,1 сая евро, 3.9 сая ам доллар тус тус авч бид хоёрын өр авлагын тооцоо дууссан. С.Баярцогт надад 90.000 орчим ам долларыг хүү гэж бэлнээр өгсөн. С.Баярцогт “Айвонхоу майнз ”-ын хувьцаа өснө гэсэн мэдээлэлтэй байгаад, надаас зээлсэн мөнгөөрөө тэндээс хувьцаа аваад ашиг олсон юм байлгүй дээ. Үүнийгээ надад хэлээгүй нуусанд гайхаж байна. Амин хувиа хичээсэн зантай л хүн байж. Хэрвээ энэ талаар надад хэлсэн бол би өөрөө С.Баярцогтод өгснөөсөө илүү хэмжээний мөнгө гаргаж, арилжаанд оролцож ашиг олохыг бодно биз дээ. Тийм боломж ч надад тэр үед байсан” гэж мэдүүлснийг эрэн сурвалжлах сэтгүүлчид гаргаж ирсэн нь цахим орчинд үлджээ
-