Коронавирусын халдврын аюултай түвшингээр Европод Испани нь Италийн дараа орж байна. Тус улсад 117 мянган хүн халдварласнаас 11 мянган хүн амиа алджээ. Коронавирусын халдвар Испанийн бараг бүх муж хотод түгсэн гэхэд болно. Гэхдээ халдврын нэг ч тохиолдол гаргаагүй нэгэн хот байгаа нь Кадис мужийн Саара-де-ла-Сьерра хот юм. 1400 хүнтэй энэ хот нь үхлийн аюулт өвчин дэгдсэнээс хойш гадаад ертөнцөөс өөрийгөө бүрэн тусгаарлажээ. Гаднаас хүн машин оруулаагүй, гадагшаа хүн гаргаагүйгээс гадна одоо болтол хотын нэг ч айл гэрээсээ гараагүй аж. Хот руу нэвтэрдэг цорын ганц зам дээр нэг цагдаа, хоёр ариутгагчийн бүрэлдэхүүнтэй 24 цагийн пост ажиллаж байна. Тэдний гол үүрэг нь гадны хүнийг хотод нэвтрүүлэхгүй байх гэнэ. Хотын даргын тушаалаар долоо хоногт хоёр удаа хотын бүх гудамжийг ариутгаж байна. Энэ ажлыг 10 хүн хийдэг байна. Мөн гэрээсээ гарч чадахааргүй өндөр настнуудад хоол хүнс, эм хүргэж өгдөг хоёр хүргэлтийн ажилтан эмэгтэйг эс тооцвол өдрийн цагаар өөр хүн гудамжинд нь харагдадгүй. Бусад бүх иргэн гэртээ байх үүрэгтэй агаад үүнийгээ ч сайн биелүүлж байна. Гэхдээ энэ хотын хүн амын бараг 30 хувь нь өндөр настнууд гэдгийг тооцох хэрэгтэй. Мөн ихэнхи бизнес нь гэр бүлийн уламжлалт ажил байдаг тул гэрээсээ гарах бараг шаардлагагүй аж. Хотынхоо цөөн хүүхдүүдийг уйдаахгүйн тулд хүүхэлдэйн баатруудын зургаар чимэглэсэн хөгжимт машин долоо хоногт хоёр удаа хотыг бүрэн тойрдог агаад хүүхдүүд тагтан дээрээс харах үүрэгтэй. Энэхүү хөл хорионы хугацаанд бүх өрхийг байр болон цахилгаан усны төлбөрөөс чөлөөлжээ. Энэ хот нь дэлхийд алдартай Севиль хотын дэргэд оршдог. Аялал жуулчлалын нэгэн төв Севильд коронавирусын дэгдэлт өндөр байгаа тул тэндээс нэг ч хүн машин Саара-де-ла-Сьеррад нэвтрүүлэхгүй байгаа гэнэ.