"Сахал" Пүүжээ гэж догшин ширүүн дүр, баргил хоолойтой сүрдмээр төрхтэй ч эгэл даруухан жүжигчин УДЭТ-т бий. МУСТА Ж.Пүрэвдоржийг МУГЖ гэж андуурдаг.
Үзэгчид одоо залуус солонгосжиж, туранхай цагаан залуу олширч, эсвэл бодибилдингийн тамирчин шиг булчинлаг залуу жүжигчид голлох болсон гэлцдэг. Харин Засагт ханы хөх харчууд гэдэг шиг, шөрмөслөг, дуу хоолой, дүр төрх, сахал харц нь язгуурын монгол төрх цөөрөө юу даа. Харин энэ дүр төрхийг хадгалж яваа жүжигчин гэвэл "Сахал" Пүүжээ. Уг нь тэр зооотехникч. Гэхдээ урлагийн хүн болохоор төрсөн гэдгийг билэг авьяастай, найруулагч олж хардаг бололтой.
Ж.Пүрэвдоржийг Завханы Хөгжимт драмын театрт ажиллаж байхад нь олзолж, олж нээж УДЭТ-ын жүжигчин болгосон бол хүн “Говийн зэрэглээ”- гийн Арслан. Ж.Пүрэвдорж Ховдын ХАА-н техникум төгссөн зоотехникч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд Завхан аймгийн Шилүүстэй суманд боловсон хүчний ажил хийхийн хажуугаар урлагийн үзлэг, соёл урлагийн гурав хоног зэрэгт сумаа төлөөлж оролцдог, дуулж, шүлэг уншдаг уран сайханч байж. Гэтэл Завхан аймагт хөгжимт драмын театр байгуулагдаж, Шилүүстэй сумын боловсон хүчин Пүрэвдоржийг Соёлын хэлтэст шилжүүлсүгэй гэсэн албан бичиг ирснээр урлагийн хүн болов. Удалгүй Соёлын яамнаас авсан шалгалтад тэнцээд “жүжигчин мэргэжлийн” үнэмлэх гардан авснаар 1983 онд Завхан аймгийн театрын албан ёсны жүжигчин болжээ. Завханы хөгжимт драмын театрт найман жил ажиллахдаа 20-иод жүжгийн гол, туслах дүрд тогложээ.
1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор орон даяар шилдэг жүжиг шалгаруулах үзлэг зохиогдсон. Ойн үеэр тоглох шилдэг бүтээлийг орон нутгийн театруудаас шалгаруулдаг байж. Улаанбаатараас алдарт Г.Доржсамбуу найруулагч тэргүүтэй комисс ирж, “Алтан үст” охин жүжигт Ж.Пүрэвдорж Балбар ноёнд, бас Лхагважав найруулагчийн “Шаналгаа” жүжгийн нэгэн дүрд тогложээ. Тоглолтын дараа Г.Доржсамбуу найруулагч түүнийг дуудаад “Чамайг Улсын драмын эрдмийн театрт урилгаар авахаар бид ярьж тохирлоо” гэжээ. “Би чадах уу” гэхэд нь Доржсамбуу найруулагч уурсах маягтай нүдээ эргэлдүүлснээ “Чамайг гуйдаг юм уу” гэж ширүүхэнхэлчихээд яваад өгчээ. Үзлэг өндөрлөж дүнгээ гаргахад Ховдын театрын “Мэнгэ” жүжиг шалгарч Улаанбаатарт тоглохоор боллоо. Завханы Пүрэвдоржийг УДЭТ-т урилгаар ажиллуулахаар шийдлээ” гэж зарлажээ. Ингээд л хөдөөгийн театрын жүжигчин Улсын төв театрын билэг танхай найруулагчийн нүдэнд өртөж УДЭТ-т урилгаар шахуу иржээ...
Сахал Пүүжээгийн хувьд орон нутгийн театрт ажиллаж байснаа оруулаад 20 гаруй жил болж байж “МУСТА” болсон. Театрт 60 жилийн ойгоор анх хөл тавьж байсан ч одоо 90 жилийн ой 2021 онд болсон. Энэ үед үзэгчид Ж.Пүрэвдоржийг МУГЖ болох болов уу гэсэн ч байдаггүй. Урлагт 40 гаруй жил зүтгэхдээ 50 гаруй дэлгэцийн кино, 100 гаруй жүжигт тогложээ.
Шекспирийн “Макбет”, Р.Таагүрийн “Цусан тахилга”, А.П.Чеховын “Цахлай”, “Ромео Жулетта”, “Цуст хурим” “Парисын дарь эхийн сүм”, “Ану хатан”, “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх”, “Гамлет” тэргүүтэй 100 гаруй жүжгийн гол болон туслах дүрд тоглож, “Цахилж яваа гөрөөс”, “Амьдралын урсгал”, “Цагаан дуганы гэгээ”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Орхидос”, “Богд хаан”, Хунгийн сүүлчийн дуу”, “Хийморь”, “Бүтэн амьдрал”, “Босго тотго”, “Хайр эргэсэн хавар” зэрэг дэлгэцийн 50 гаруй кинонд дүр бүтээсэн юм.
1995 онд Азийн кино фонд гэж байгуулах гээд Японы Фукоука хотод 11 орны төлөөлөл цуглаад улс улсаас оролцох кино сонгоход “Цахилж яваа гөрөөс” шалгарчээ. Кино наадамд оролцох урилгыг Найруулагч И.Нямгаваа, жүжигчин Ж.Пүрэвдорж нарт гэж нэр зааж ирсэн учраас арлын орныг зорьж байсан түүхтэй. Түүнээс хойш Италийн “Салхины хаан”, Английн ВВС-гийн “Чингис хаан”, Австралийн “Эзэнт гүрэн”, БНХАУ, ӨМӨЗО-ны “Дайчин” зэрэг гадаадын кинонд дүрээ мөнхөлсөн билээ.
Нэгэн сэтгүүлчийн дүгнэж бичсэнээр "Тэр гүдэсхэн, нуруутай, хүнлэг зан чанараараа театрынхандаа төдийгүй, ард түмэндээ хүндлэгдсэн, ёстой л бор зүрхээрээ, бурхнаас хайрласан төрөлхийн авьяасаараа өөрийнхөө эзэгнэх ёстой орон зайг дархалж, тэр цайз дотроо өөрийн гэсэн зол баяр, үүх түүхтэйгээ хамт аж төрөн оносон шиг онож явсан сайн жүжигчин билээ".