alim.mn | 2024.12.23
Эртний эдлэлийн тонуулчдын “босс” олдвороо “Английн дуудлага худалдаанаас авсан” хэмээн Чингис хааны музейд зарах гээд баригджээ

Сүм хийдийн туурь ухаж тонон зарж борлуулдаг бүлэг этгээдийн хэрэг илэрчээ. Бүлэглэлийн зохион байгуулагч, чиглүүлэгч санхүүжүүлэгч буюу “босс” нь Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 37-р байранд байрлах “А” эртний эдлэлийн дэлгүүрийн эзэн Б.Э гэнэ. Тэрээр нэр бүхий иргэдийг хуучин сүм хийдийн туурь орших, хэн хэзээ очиж малтах, олсон эд зүйлийг борлуулах зэргээр зохион байгуулжээ.

“... Э надад манай найз Зүүнхараад байгаа, танд хийдийн туурь үзүүлэх гэсэн юм, тухайн газруудаас урьд өмнө хүмүүс эртний эдлэл олж байсан гэхээр нь унааны мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхэд Э над руу холбогдож бензиний мөнгө 300.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө аваад найз Л-ийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явсан. Орой нь Э-ын найз Б гэх залуутай уулзсан. Бид гурав ухахад металл хайгч хэрэгтэй гээд найз Г-тэй холбогдож багажаа аваад хүрээд ир гэсэн. Удалгүй тэр ирж бид шөнийн 12 цагийн үед Мандал сумаас ойролцоо орших гурван хийдийн туурин дээр очсон. Тэгээд металл хайгч дугарсан газрыг ухахад тодорхой тооны эд зүйлүүд олдсон. Маргааш өдөр нь сумын төвийн ойролцоо хоёр хийдийн туурь ухаж зоос, дөрөө, данх, таваг, очир, бурхны хугархай гар, монгол цоож зэрэг эд зүйлс олсон. Олсон эд зүйлээ Э-ын ажлын байр болох “А” нэртэй дэлгүүрт нь аваачиж өгсөн. Архангай аймаг Хотонт суманд хийдийн туурь бололтой газраас бас тодорхой тооны эд зүйлсийг олсон. Тухайн эд зүйлсийг Э-ын дүү болох Төрболдтой холбогдож 800.000 төгрөгөөр зарж борлуулахаар тохиролцож мөнгөө Г, Л-той тэнцүү хувааж авсан ...”

Энэ бүлэглэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах “Дарьтын хийд”, “Орхироогийн хурал” гэх газарт, мөн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах “Баянголын дуган” гэх газарт орших хуучны сүм, хийдийн туурийг ухаж нийтдээ 113 ширхэг эд зүйлс олжээ. Харин “босс”-ын Чингис хаан музейд зарах гэсэн 84 ширхэг олдвор нь НТӨ 2000 оноос НТ-ын 15-р зуунд хамаарагдахуйц байжээ. Музейд шахахын тулд Английн эртний эдлэлийн худалдаа явуулдаг “Timeline Auctions Limited “ компанийн дуудлага худалдаанаас худалдаж авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэнэ. Дээрхи олдворуудыг музейн захирал С.Чулуун үзжээ.

“... Дурсгалын хувьд бол манай Хүннү болон Эзэнт гүрний тасагт тавьж болохоор харагдаж байсан ...”

“Босс” нэлээд далайцтай ажиллаж хуурамч бичиг баримтуудаа холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Гэсэн ч Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийнхэн сэжиглэж  “алтаар хийж үнэт чулуугаар чимэглэсэн гоёл  чимэглэлийн зориулалттай 84 ширхэг олдворын гарал үүслийг тодруулах”-аар шийдсэн нь хэрэг илрэх эхлэлийг тавьсан гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ