МУИС-ийн багш 330 сая төгрөгөөр хийсэн контентийг Боловсролын ерөнхий газар Унгараас 8.1 тэрбум төгрөгөөр худалдаж авна
МУИС-ийн багш ингэж бичжээ.
Урам хугарч байна....
Миний бие Монгол Улсад компьютер график, виртуал технологийг хөгжүүлж энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхээр зорьж байгаа МУИС-ийн жирийн нэг багш хүн. Шавь нарынхаа хамт 5 жилийн өмнө МУИС-ийн дэргэд Гарааны дижитал солюшнс компани байгуулж, Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийн виртуал музей, Виртуал Хархорум, GUYUK метаверс, байгаль болон нийгмийн ухааны хичээлүүдийн виртуал контент зэрэг олон бүтээлүүдийг олны хүртээл болгосон.
Өөрсдийн хөгжүүлсэн технологи, туршлага дээр үндэслэн ахлах ангийн сурагчдад зориулсан 10,000 хүний багтаамжтай байгаль, нийгмийн ухааны 18 хичээлийн 20 гаруй лабораторитай, нэг виртуал танхимд 50 хүртэл хүн зэрэг хичээллэх боломжтой “Виртуал сургууль” байгуулж контентүүдийн хамт нийлүүлэх төслийг нэг жил хагасын өмнө БШУЯ-нд санал болгож байв. Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол ахлах ангийн сурагчид виртуал сургуульд суралцан өөрсдийн мэдлэгээ үнэ төлбөргүй бататгах боломж бүрдэх байлаа. Гэвч Боловсролын мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүдээс тавьж байсан технологио ойлгоогүй этгээд шаардлагууд, тухайлбал, “Виртуал сургууль багш нарын амралтын өрөөтэй байх”, “сурагчид ариун цэврийн өрөөтэй байх”, “өөр гариг дээр очиход хүндийн хүчийг мэдрүүлдэг байх”, зарим нэг тендерчин компаниудын “бид үүнээс илүүг хямдхан хийж өгнө” гэсэн амлалтуудаас болж энэ төслийн ажил бүрэн зогссон. Энэ төслийг хэрэгжүүлэх хугацаа 1 жил, хөгжүүлэлтийн нийт зардал 330 сая төгрөг байсан. Гэтэл саяхан Боловсролын ерөнхий газар ийм төрлийн дижитал контентыг Унгар улсын компаниас 8.1 тэрбум (8,169,000,000) төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргажээ. Энэ ажлыг Монголчууддаа итгэж хийлгэсэн бол олон технологийн компаниудад бодит дэмжлэг, Монголоос гадаадыг зорих авьяаслаг залуусыг Монголдоо үлдээх бодит шалтгаан, хамгийн гол нь энэ чиглэлийн технологи Монголд нэг шат ахих боломж байсан юм.
Энэ мэт “алсын хараагүй” шийдвэрт үнэхээр урам хугарч байна.
Enkhbayar Altantsetseg
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ