alim.mn | 2024.12.23
Ж.ЧИНБҮРЭН ЭМЧ ЭЭ, БОРООНД НОРГОЖ ЭВДСЭН 3 САЯ ДОЛЛАРЫН АППАРАТАА ЗАССАН УУ?

Нэг зуны үер албан байгууллагын хариуцлагагүй байдлыг илтгэсэн нь Хавдар судлалын үндэсний төвийн зооринд байсан 3 сая долларын аппарат борооны усанд автсаны улмаас эвдэрсэн асуудал. Одоо энэ асуудлыг хариуцах эзэн байтугай, хариулах хүн алга болжээ. Хавдар судлалын үндэсний төвийн эмч Ж.Чинбүрэн үнэхээр сайн эмч. Хүлээн зөвшөөрнө. Харин Хавдар судлалын үндэсний төвийн захирлын хувьд ямархуу ажилласныг сайн мэдэхгүй. Ямартаа ч эмнэлгийн хонгилд хэвтсэн 3 сая долларын үнэтэй аппарат усанд автаж, эвдэрсэн гэх асуудал үүссэн. Энэ аппаратыг гурван жилийн өмнө гурван сая доллораар авсан ч Австрийн компани суурилуулахаар хүлээгдэж байсан гэнэ ээ. Манайхан энд тэндээс тоног төхөөрөмж авчихаад суурилуулж чадахгүй, суурилуулах гэж гадныханд мөнгө төлдөг. Гурван жил суурилуулаагүй улсууд эвдрэл гэмтэл гарахад засаж чадах уу гэдэг нь бас нэг асуудал. Бас л гадныхан дуудаж засуулах уу. Улсын комиссын хуралдааны үеэр Цөмийн комиссын нарийн бичгийн дарга, онцгой комиссын гишүүн Г.Манлайжав  "Хавдар судлалын үндэсний төвийн зооринд гурван жил болсон гурван сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр авсан туяаны аппарат усанд автаад эвдэрчихлээ" гэж цочоов. Их юм үзэж дуулснаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх харин таг дуугүй сонсож суусан. Нэмээд  "ХСҮТ-ийн өргөтгөлийн зоорийн давхар үерийн усанд автсанаас болж гурван сая ам.долларын өртөг бүхий туяаны шинэ аппаратын суурийн хэсэг эвдэрсэн. Аппаратыг тус давхарт суурилуулах ажил үргэлжилж байсан бөгөөд мотор болон цахилгааны хэсэг нь усанд автаж, ашиглах боломжгүй болсон. Энэ аппаратыг засахад 400 мянган доллар хэрэгтэй. Тэгвэл 3-4 сарын хугацаанд засна" гэлээ. Хажуугаар нь эмнэлгийн дарга Ж.Чинбүрэн хүч нэмж  "Маш чухал, олон хүний амь насыг аврах аппарат эвдэрчихлээ. Азаар үндсэн хэсэг гэмтээгүй. Үерийн ус хаанаас шүүрсэн гэдгийг тогтооно доо. Одоогоор ямар хохирол гарсныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна"  гэхэд олон хүн чихэндээ ч итгээгүй. Үнэтэй аппаратаа зооринд түгжээд орхичихсон чинь нэлийсэн усан дунд байсан байж.  Дээвэр хонгилоос ус гоождог бол уг төхөөрөмжийг гялгар цаасаар ч гэсэн бүтээж,  үйлчлэгч асрагчдаа алчуураар бариулаад ус шавхан  нойр хоолгүй зүтгэмээр юм. Олондоо маш нэр хүндтэй эмч бөгөөд захирлын яриагаар хэзээ хойно Онцгой байдлын ус сордог машин дууджээ. Гурван сая ам.долларын улсын хөрөнгө эвдчихээд юу ч болоогүй мэт өндөр дуугаар мэдээлэх сайд дарга нар, захиралд санаа зовж байгаа шинж харагдсангүй. Хэрвээ ичих булчирхайтай хүн бол олон хүний амь аврах 3 сая долларын аппарат руу борооны ус руу оруулаад эвдчихсэн бол уйлаад, хүний нүүр харж чадахгүй бүлтэлзэж суумаар юм. Харин ч удахгүй болох сонгуульд нэр дэвшин "сонгуульдах" бололтой.

 "Үерийн усанд орсон аппаратыг засахад 400 мянган ам.доллар хэрэгтэй" гэсэн Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав  Ерөнхий сайдын “Андууд” хамтлагийн гишүүн, багын найз нь гэдэг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
43.242.243.136
Арай ч дээ, хариуцлагагүй байдлын илрэл байна. Ажиллуулж суурилуулж чадахгүй бол ийм үнэтэй аппаратаар яах юм. Аймгуудад ч ажиллуулж чадахгүй үнэтэй аппарат байдаг гэж Баабар ярьж байсан, үнэ байхаа.
Төстэй мэдээ