Зах зээлийн үед өөрийн хөдөлмөр зүтгэлээр чинээлэг болдог атал Өмнөговь аймагт эсрэгээрээ явагдаж байна. Энд малчидыг нь аймаг нь чинээлэг болгохоор хэдэн тэрбумаар хөрөнгө цацаад удсан. Одоо л гэхэд “чинээлэг малчин” болгохын тулд дуранжуулахаар гурван тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Чинээлэг малчинд байх ёстой хэрэглэлийн нэг нь дуран мөн эсэх эсвэл өндөр үнэтэй гадаад дуран барьсанаар чинээлэг болж харагдах уу гэдэг нь маргаантай. Харин Р.Сэддорж тэргүүтэй аймгийн удирдлагад малчид нь гаднаасаа чинээлэг юм шиг харагдах нь чухал байгаа аж. Гурван тэрбумээр мэдээж гадаадаас дуран авчирна. Ганган чамин, нүд унахаар байвал Өмнөговийн дарга нарт илүү таалагдах нь лавтай. Ийнхүү энэ мэтээр гаднаасаа чинээлэг харагдах тал руу хамаг мөнгө нь урсаад жинхнээсээ чинээлэг болгох ажил нь орхигдоод эхэлсэн. Бэлчээрийн даацыг бууруулах, малыг чанаржуулах, үүлдэр угсааг сайжруулах, мах сүү болон малын түүхий эдийг борлуулах сүлжээг бий болгох зэрэгт хөрөнгө хаявал дурантай дурангүй малчид нь чинээлэг болно. Өнгөрсөн хахир өвөл зудын эрсдлийг бууруулахын чухлыг харууллаа. Дурандах малгүй болбол гурван тэрбумын дурангаар яах билээ. Бусад аймагтай харьцуулбал Өмнөговийн дарга нарт мөнгө байгаа аж. Даан ч мөнгө байв ч толгой байхгүйн гачлан нүүрлэсэн нь харамсалтай.