С.Чинзориг хэмээх чимээгүй сайд бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар нэг удаа томилогдож 2 жил, сайдаар 2 удаа томилогдож гурван жил сайдын суудалд суусан. Эдүгээ Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. С.Чинзориг сайдын эхнэр Д.Алтанчимэг нь ГЕГ-ын Ерөнхий нягтлан бодогч, давхар Улсын ахлах байцаагч статустай. Албан тушаалын авлагатай мэт, мөнхийн сайдын суудалтэй тэрбээр сан болгонд хуруу дүрсэн хэрэгт холбогддог. ЖДҮ-д нэр холбогдсон, БЗС-гийн зээлээс ч хоцроогүй. УИХ-ын,Засгийн газрын хамгийн ядуу, ноомой гэх имижтэй. Аядуу зөөлөн төрхтэй тэрбээр дахиад УИХ-д нэр дэвших мандатаа МАН-аас хамгийн түрүүнд авч чаджээ.
С.Чинзоригийн охин Дэлгэрмаа нь 2010 онд АНУ-ын Виржинийн их сургуульд Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авсан.
Удаах охин Ч.Норовдэлгэр нь “Орчлон” ахлах сургуулийг 2012 онд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2016 онд Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Төгсмөгцөө ЗГХЭГ-т хуулийн мэргэжилтнээр ажилд орсон. Удалгүй 2016 оны УИХ-ын сонгуулиар С.Чинзориг гишүүн болж, улмаар БШУ-ны шинэ сайд Ж.Батсуурь хамгийн анхны тушаал нь 2016 оны 8 сарын 19-нд С.Чинзоригийн охин Ч.Норовдэлгэрийг БЗС-гийн 32 мянган ам.долларын зээлээр АНУ-ын Pennsylvania Их сургуульд Эрх зүйн магистрт суралцуулах тухай байдаг. С.Чинзоригийн охин Ч.Норовдэлгэр нь АНУ-д суралцаад Монголд ирмэгцээ Хөгжлийн банканд хуульчаар ажиллаж эхэлжээ.
Чинзориг сайдын охид болох Ч.Цэцэгдэлгэр, Ч.Дэлгэрханд нь Азийн хөгжлийн банк болон Швейцарын хөгжлийн агентлагаас Монголд хэрэгжүүлсэн төслүүдэд ажиллажээ. Ч.Цэцэгдэлгэр нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурийн газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн L3388-МОН болон G0204-МОН төсөл"-ийг хэрэгжүүлэх багт ажиллажээ. Сонирхолтой нь, Азийн хөгжлийн банкны “L3388-МОН” төслийн хүрээнд С.Чинзоригийн тойрог буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 9.8 тэрбум төгрөгөөр шинэ цэвэрлэх байгууламж барьсан.
Ч.Дэлгэрханд нь Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилттэй "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-ийг хэрэгжүүлэх багт ажиллажээ. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэхүү төсөл нь С.Чинзоригийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах байх хугацаанд хэрэгжсэн байх юм. Аав нь Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхад охин нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлэгчээр ажилласан нь хачирхалтай.