alim.mn | 2024.12.22
Намгийн мэлхий замгаа цэвэрлэдэггүй

Намгийн мэлхий замгаа цэвэрлэдэггүй. “Гурилчин”, “төмсчин” сайд нь гурил, гурилын үйлдвэрээ, төмсөө мартдаггүй, төрөөс өөрийн компанид ашигтай шийвдэр гаргуулж, ашиг олохоо л боддог юм байна. Төрийн өндөр албан тушаалтнууд гэж гайхуулдаг улс толгойтой бүхэн хүрээ хүрээндээ, хэр хэрэндээ хулгай хийсээр иржээ. ТНүүрсний сонсгол, ЖДҮ, ногоон автобусны хэрэг, 40 их наядын нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан гээд тоноогүй газар алга. Ах нь сургаж, дүү нь сонсдог жамаар Ардын нам, Ардчилсан нам ялгаагүй, албан тушаал хашиж байсан бүхэн авлигатай нэр холбогдсон юм байна. УИХ-ын гишүүний дарах ганц кноп тэрбумаар үнэлэгддэг цөвүүн цаг иржээ.

  Цалинтай ээж гэх сайхан нэртэй ч 50 мянган төгрөг өгдөг. Хүүхдийн сүү, памперсны үнэ ч хүрэхгүй гэдгийг бүгд мэднэ. Сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй, гурван ээлжээр, гурвуулаа нэг ширээнд чихэлдэж байхад, тэдний хүүхэд гадаадад эсвэл, Орчлон, Америк, Британи гээд сайхан нэртэй жилийн төлбөр нь МУИС-ийн оюутны жилийн төлбөрөөс 10 дахин үнэтэй сургуульд 12 жил сурч төгсөж байна. Төгсөд шууд БЗС-гаас зээл авна, ирээд шууд төрийн ордон, яам тамгын газар, Эрдэнэставантолгой, Хөгжлийн банкинд ажилладаг юм байна.

      Зарим нь УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гээд эхнээсээ сурталчилгаагаа хийж эхэллээ. Аав нь авлигач, ардын түмний хүүхдийн боломжийг хулгайлсан, хүүхдүүд нь авлигын мөнгөөр сурсан ч байж магадгүй. Хүний шунал хязгааргүй юм байна. Аав ээжийнхээ “бичсэн” авлигын цагаан толгойг А,Б-гүй сурч, аалзны тор нэхэж амьдардаг ч байж магадгүй. Аав ээж нь ЖДҮ тоносон, авлигын хэрэгт холбогдсон, төрийн ордонд их удаан суусан улсын үр удмыг битгий сонгоорой.

Сонгуулийн хуулийн хүрээ хумигдаж, хэдэн улстөрч өөрөө эргэж сонгогдох бүх боломжийг нээсэн, шинэ хүн орж ирэх бүх нүх сүвийг хааж бөглөсөн хату хууль гарчээ. Иргэд саяын цалинтай байхад, тэдний сонгуульдах доод үнэ тэрбум төгрөг. Ярьдаг зүйл нь их наядын хулгай. Ийм байхад шударга өрсөлдөөн, тэгш эрх яриад ч хэрэггүй юм байна. Эхний ээлжинд авлигад нэр холбогдсон, зурагтаар чуулганд суусаар байхад нөхдийг бүү сонго. Дараа нь Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, ЖДҮ, Тариаланг дэмжих сан, БЗС-г тоносон улсын үр хүүхдийг битгий сонгоорой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ