Хорь гаруй жил дэлхийн тэргүүн баяны гэргий байж 3 хүүхдийг нь төрүүлсэн Мелинда Гейтс Bill & Melinda Gates Foundation сангаас хөрөнгө салган тусгаарлаж байгаагаа зарлажээ. Тэд аз жаргалтай нэг гэр бүл байх үедээ, 20 гаруй жилийн өмнө хамтран байгуулсан. Харамсалтай нь тэд 27 жил хамт амьдарсны эцэст 2021 онд гэр бүлээ цуцлуулж байсан юм. Салах үедээ Мелинда Гейтс эд хөрөнгө авахгүй, сандаа хамт ажиллана, Гейтс гэх овгоо авч үлдэх тухай мэдээ гарч байсан юм. Гурван жилийн дараа Мелинда Гейтс бодлоо өөрчилжээ.
Тэрбээр салсан тэрбумтан нөхрөөсөө $12.5 тэрбумын хөрөнгө “салгаж”, эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих өөрийн сайн үйлсийн санг бие даан ажиллуулахаар болсон тухайгаа зарлав.
Одоо Мелиндаг сангаас туурга тусгаарласны дараа сангийн нэр Gates Foundation болон өөрчлөгдөж, Билл Гейтс дангаараа удирдах юм байна.
Bill & Melinda Gates Foundation бол үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, ядуурлыг бууруулахад $75 тэрбум гаруйг зарцуулсан нөлөө бүхий байгууллага юм.
1994-2018 оны хугацаанд Билл, Мелинда нар хувийн хөрөнгөөсөө $59.5 тэрбумыг уг санд хандивлаж байжээ.
Мелиндагийн экс нөхрийн хамт үүсгэн байгуулсан сандаа ажиллах хугацаа ирэх зургаадугаар сарын 7-ны өдрөөр дуусах юм байна.
“Мелиндаг явж буйд харамсаж байгаа ч цаашдын сайн үйлсийн ажлаараа тэр ихийг хийж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Билл Гэйтс сошиал хуудсандаа бичжээ.
Мелинда Гэйтсийн хувийн хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүл $11.3 тэрбум гэж тооцсон байдаг.