alim.mn | 2024.12.21
   Говьд Б.Дэлгэрсайхан, Р.Эрдэнэбүрэн хоёр “манан”-таж байна

  Говьд бороо цөөн орж, “нар хур царайчилсан газрын саальтай хормой минь” гэж шүлэглэдэг. Гэвч дээгүүрээ “манан будан” татуулж, нам харгалзахгүй нэгдчихсэн хоёр хүн байна. Өөрөөсөө бусдыг гуйлгачин түүлгэчнээр нь дууддаг МАН-ын гишүүн “Дорнын говь”-ийн Дэлгэрсайхан АН-аас нэр дэвшсэн Р.Эрдэнэбүрэнтэй үй зайгүй дотно. Сонгуулийн сурталчилгааны үед АН, МАН хоёр эвлэршгүй дайсан мэт байдаг ч Р.Эрдэнэбүрэн, Б.Дэлгэрсайхан гишүүн хоёр гайхалтай эвтэй найртай байгаа сурагтай. Ямартаа л говийнхон “Галзуу Бумаа та хоёр хэзээ эгч дүү болоов” гэдэг шиг гайхаж сууна гэнэ.

Р.Эрдэнэбүрэн нь 2000 онд УИХ-ын гишүүн асан, "Эх орон" намын дарга Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж, улс төрийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2004 онд тойрогт нэр дэвшин ялалт байгуулж, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байжээ. 2008-2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад, 2011 оноос Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажилласан. 2012 онд Лондоны "Каплан Инт" коллежид суралцаж ирээд, 2012-2016 онд Шинэчлэлийн Засгийн газрын Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон билээ. Р.Эрдэнэбүрэн 2016 онд Дундговиос УИХ-д нэр дэвшихээр болсон ч гэнэт баривчлагдан саатуулагдаж, "Мон-Уран"-ы Наранхүү дахин нэр дэвшсэн. 

Р.Эрдэнэбүрэн даргатан өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт буруутгаж байв.

2016 оноос шалгагдаж эхэлсэн хэргийг АТГ-аас яллах дүгнэлт үйлдүүлж, долоон ч удаа прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Эцэст нь Р.Эрдэнэбүрэн цагаадаж, дахин нэр дэвшихээр “Танайд хоноё” нэвтрүүлэгт орчихсон таахалзаж явна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ