Монгол Улсын Хөгжлийн банк олон төсөл санхүүжүүлж, бүтээн байгуулалтын ажил хэрэгжүүлсэн. АТГ-ынхан Хөгжлийн банкнаас 5.2 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг томоохон компаниудад олгосон байдлыг шалгаж байгаа. Түүнээс дутуугүй мөнгийг банкуудад байршуулсан байна. Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар хуульд зааж өгсөн байдаг. УИХ-ын дарга М.Энхболдыг унагах ажлыг зохион байгуулахад Лу.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс оройлон зүтгэх үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мэдээлэл хийхдээ "УИХ-ын гишүүн Лу.Болдын хувь эзэмшдэг гэх Богд банк Хөгжлийн банкнаас 30,9 тэрбум төгрөгийг харилцах данс руугаа авч, угааж байна" гэсэн утгатай зүйлийг ярьсан билээ. Хөгжлийн банк “Богд” банкинд 30,9 тэрбум төгрөгийг байршуулснаас гадна ах дүү хүчит бөх болох Асашёорюү Д.Дагвадорж, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын эзэмшлийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 18,8 тэрбум, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайханы оролцоотой “Оюуны-Ундраа” группын эзэмшлийн Транс банкинд 68,8 тэрбум, УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Капитрон” банкинд 23,1 тэрбум, “Сахал” гэж нэрлэгддэг Д.Эрдэнэбилэгийн Улаанбаатар хотын банкинд 61,7 тэрбум, Хас банкинд 121,8, Чингис хаан банкинд 58,1 тэрбум, Худалдаа хөгжлийн банкинд 201,1 тэрбум, “Таван богд” группын эзэмшлийн Хаан банкинд 289,7 тэрбум, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн Капитал банкинд 7,4 тэрбум төгрөгийг гэрээ байгуулан хүүтэй байршуулжээ.Тэр байтугай Монголбанкинд Хөгжлийн банк 779,8 тэрбум төгрөгийг илүүдэл мөнгө хэмээн хадгалуулсан гэж яригдаж байна.
Өмнө нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлт авсан дотоодын томоохон компаниудын нэрс ил болсон. Үүнд, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр “Говийн зам” компани 170.6 тэрбумын зээл авсан. Тус компанийн ард гурван УИХ-ын гишүүн бий гэдэг. Мянганы замыг барилцаж монголчуудад танил болсон “Насны зам” компани 75.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ компанийн эзэн Ж.Энхжаргал Дорнод аймгийн МАХН-ын хорооны дарга. “Максгруппын захирал Д.Ганбаатарын “Арж капитал” компани 66.3 тэрбум төгрөгийн зээл авсан. УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатарын Монроуд компани 45.5 тэрбум төгрөгийн зээл авсан. “Монроуд” 46.3 тэрбум, “Хурдны зам” компани 68.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Тус компанийг Шагдарсүрэнгийн Бат-Энх, түүний эхнэр Хүүхдийн төлөө газрын дарга асан И.Нарантуяа нар эзэмшдэг. И.Нарантуяа нь АН-ын идэвхитэй гишүүдийн нэг. Төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцлөөр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци Хөгжлийн банкнаас 154.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Скайресорт компани 125 тэрбум төгрөг зээлсэн. Скайресорт нь МСS-ийн охин компани бөгөөд Хөгжлийн банкны зээлээр АСЕМ цогцолбор, хотхоныг барьж ашиглалтад оруулсан. Дэлхийн томоохон улсуудын удирдагчид Монголд ирэх хугацаандаа байрласан тус хотхоныг Монголын бизнесмэн, улстөрчид худалдаж авсныг хүмүүс мэднэ. “МАК цемент” компани Хөгжлийн банкнаас 109 тэрбум төгрөг зээлсэн. “Эрэл” компани Хөгжлийн банкнаас 68.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ компанийг УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат эзэмшдэг.