УИХ-ын 126 гишүүний дотор Говь-Алтай аймгаас О.Амгаланбаатар гэж хөдөөх эр сонгогдсон. Өмнө нь тус аймгийн Засаг даргаар ажиллахдаа цэвэр усны саван дээр өөрийнхөө бор дүрийг мөнхөлж, суусан газраасаа шороо атгадаг Засагт ханы хөх харчуудын нэг. Аль эрт 2000 оны эхээр Гаальд ажиллаж, хятадуудтай түнш, самар өшиглөсөн хэргээр дээлээ нөмрөхдөө тулж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 50 саяын авлига өгч мултарсан гэдэг. Энэ тухай олон хүн их ч ярьсан...
Ямартаа ч алдарт Гаалийн Адьшаагийн "гал хам". УИХ-ын сонгуульд азаа үзэх болгондоо унадаг энэ хүнд 2024 онд аз тохиож, УИХ-ын гишүүн болсон. Хачирхалтай нь Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, тойрогтоо 30 шахам тэрбумаар Цахилгаан станц барьж өгсөн Ц.Цэрэнпунцаг, Эрүүл мэндийн дэд сайд асан С.Энхболд зэрэг мэдлэг боловсролоороо тохой илүү эрчүүд Баруун бүсэд өвдөг шороодож байхад энэ О.Амгаланбаатар гараад ирсэн нь гайхмаар гэх жиг жуг яриа явдаг.
УИХ-ын гишүүн болоод гар дээрээ суниасан бичлэгээ цахим хуудсаараа цацан мөрөөдлийн багт багтахаа шахсан. Тэр бол өчүүхэн зүйл байж...
Одоо О.Амгаланбаатар гишүүн Алтай нутагтаа айхтар гай тарих "зэтгэр" болох нь гэж хөгшчүүд айж байна. Учир нь "Алтайн өвөр говь"-д дэлхийд зөвхөн Монголд 50-хан ширхэг үлдсэн мазаалай, хоёрхон улсад үлдсэн зэрлэг тэмээ хавтгайн сүүлчийн нутаг. Их говийн үзэсгэлэнт газар, ертөнцийн хаана ч байхгүй ер бусын амгалан тайван орчин. Хүний хөл хүрдэггүй их говийн дархан цаазат 4,6 сая га газар. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэдэг. Тиймээс БНМАУ-ын үеэс Монгол Улс 50 жилийн турш дархлан хамгаалж буй хамгийн том дархан цаазарт газар. Хавтгай, мазаалай, хулан, харсүүлт, аргаль, цоохор ирвэс зэрэг 37 ховор амьтадын ундаалдаг 50 гаруй Баянбүрд бий. Мөн хүн амьтны хөлөөс үргээ дайжсан хавтгай 70 км давхихад замд нь торох зүйлгүй уудам зэлүүд нутаг. Албаны нэр нь "Говийн их дархан цаазат газрын А хэсэг".
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталсан УИХ-ын 2024.08.27-ны тогтоолд: "Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ" гэсэн ганц өгүүлбэр оржээ. Дээрхи дархан цаазат газрын тэхий дундуур шинээр боомт нээж, Хятадын хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай зам тавих гэнэ. Манайд өнөөдөр шинээр нээгдсэн боомт бүрээр баялаг урсаж буй. Боомтын сайд Б.Тулга болон Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн О. Амгаланбаатар нар хоршин "Нарансэвстэйгээр боомт нээж, Хятадын Ганьсу муж буюу төв хэсэгтэй шууд хобогдоно. Одоогийн манай Хятадтай холбогдож буй 13 боомт нь Өвөрмонгол, Шинжаан-Уйгарын өөртөө засах орноор дамжиж холбогдож байна. Баруун бүсийн ард иргэд зах зээлд ойртоно" хэмээн зүтгүүлж байгаа ажээ.
Хамгийн гол, чухал асуудал нь говийн их дархан цаазат газарт "Талын мэлтэс" нэртэй 300 тонн алтны нөөцтэй үндсэн орд, "Хатан суудал" нэртэй төмрийн орд бий. Хамаг баялгаа асгаж цутган, алдан цөлмөж буй энэ хоёр орд Улсын тусгай хамгаалалттай газарт оршдог тулдаа бүтэн үлдсэн. Энэ ордуудыг улсын тусгай хамгаалалттай газраас гаргах санаархал 1996 оны М.Энхсайханы Засгийин газраас хойш явж байгаа. Ерөнхий сайд С.Баярын танхимын үед улсын тусгай хамгаалалтаас гаргах тогтоол гарсан ч байгаль хамгаалагчдын хүчтэй эсэргүүцлээр цуцлагдаж байсан удаатай. Одоо "Нарансэвстэйгээр боомт нээж, хатуу хучилттай зам тавих" нэрээр орж ирж байна. Гадны улсын "захиалгатай" мэт харагдах энэ боомтыг нээхээр хамгийн идэвхитэй зүтгүүлж буй хүн нь Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, Одоогийн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар гэнэ. Гаальд байх үеэсээ хятадуудтай гар хоршдог гэж яригддаг О.Амгаланбаатарын УИХ-д суух эцсийн зорилго нь арай энэ биш байгаа даа...