УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анар гадаадад төгсөж ирээд шууд Монголбанкинд ажилласан. Одоо 13 жил ажиллаж, 2016 оноос Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн Газрын захирал болон дэвшжээ. Насаараа нам төрд ажилласан төрийн албан хаагч Э.Анар 1.4 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, 722 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 автомашинтай Монголбанкны тэрбумтны нэг ажээ. Хамгийн гоё нь тэрбээр 1,7 тэрбум төгрөгийн авлагатай. Хадгаламжиндаа 486 сая төгрөгтэй, 324 саяын зээлтэй. Улаанбаатарын унаган хүү Э.Анар 140 адуу, 370 хоньтой, 60 үхэртэй бараг л мянгат малчин ажээ. 137 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй, өөрийн орлого 131 сая, гэр бүлийн орлого 482 сая гэхээр ард бидний дэргэд "нударган баян" ажээ. Сонирхуулахад насаараа төрд ажилласан Э.Анар 2018 онд Улсын Алдарт уяач цол хүртсэн.