“МОН-УРАН”-Ы НАРАНХҮҮ 5311 АХМАДАД 50 КГ ГУРИЛ ТАРААЛАА
УИХ-ын гишүүд цагаан сараар ахмад настнуудад, хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг тараадаг. Энэ жил коронавирусын улмаас цагаан сарыг нийтээр тэмдэглээгүй болохоор УИХ-ын гишүүд тавгийн боов, гурил, будаа, архи, чихэр тойргийнхоо ахмадуудад өгсөнгүй. Харин өнгөрсөн жил буюу 2019 оны цагаан сараар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадуудад бэлэг тараах үеэр нэг ахмад настан олны хөлд үрэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
УИХ-ын гишүүдийн 2019 оны ХОМ олон нийтэд очоогүй байгаа. Ирэх сард гарна гэсэн мэдээлэл бий. Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 2018 онд 18 тэрбум байсан хадгаламжаа нэг жилийн дотор нэг тэрбумаар нэмэгдүүлж өнгөрсөн онд 19 тэрбум 653 сая төгрөг болгож арвижуулсан байна. УИХ-ын хамгийн баян гишүүн буюу хадгаламжиндаа 19 тэрбум 953 сая буюу бараг 20 шахам төгрөгтэй “Оргил”-ын Ганбаатар улаан торонд хийсэн сувинер, хоёр килограмм гурил, нэг килограмм чихэр, нэг килограмм будаа тойргийнхоо ахмадуудад өгчээ. Бэлэг тараана, азтан шалгаруулж 1 сая төгрөг өгнө, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр ирнэ гэж рекламдахад сэтгэл нь хөөрсөн ахмадууд тараасан урилганы тооноос илүү ирсэн байна. Оргил төвийн эзэн Ганбаатарыг овоо бэлэг өгнө гэж горьдож ирсэн бололтой. Маш муу зохион байгуулалттай болсон уг арга хэмжээний үеэр нэг настай амиа алдсан. 3200 урилга тараахад 4000 шахам хүн ирсэн юм билээ. “Оргил” сүлжээ дэлгүүрийн эзэн, хадгаламжтай 20 шахуу тэрбумтай хүнд нэмээд хэдэн ахмадад 2 кг гурил, нэг кг чихэр, нэг кг будаа өгөхөд буян болно уу гэхээс буян нь барагдчихгүй байлтай. Хажууд нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү нүнжигтэй загнажээ. Дундговь аймгаас сонгогдсон тэрбээр тойргийнхоо сумын тоогоор нэг том машин дүүрэн бэлэг явуулжээ. Сум суманд нь хүргэж өгсөн болох ахмадууд бэлгээ даахгүй, нүүр дүүрэн баяртай зогсож байсан. Б.Наранхүү гишүүн 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хүмүүст бэлэг өгсөн юм байна. Дундговь аймгийн хэмжээнд 5311 ахмадад 50 кг гурил цаг тооны бичиг бэлэглэжээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шуудай гурил тарааж, “Оргил”-ын Ганбаатараас илүү овоо дориун бэлэг өгчихлөө, нүнжигтэй эмэгтэй юм гэж магтуулсан билээ.