Монголд хамгийн сайн мэдээлэлтэй хүн бол ХЗДХ-ийн сайд асан Хотын дарга Х.Нямбаатар. Тэрбээр саяхан утаанд 1,1 их наяд төгрөг зарцуулжээ гэж жиргэсэн билээ. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Тавантолгой түлш" ХХК-ийн талаарх асуудал хөндөгдөж, тус компани нь 1.1 их наяд төгрөгийг зориулалтын бусаар ашигласан тул хууль хяналтын байгууллага уг асуудлыг шалгахаар болсон.
"Тавантолгой түлш" ХХК -ийн шахмал түлш Улаанбаатарын утааг багасгах нь бүү хэл, улам л утаатай болж, утааны хор хөнөөл, үнэр улам муухай болсон гэж иргэд харддаг. Тэрлэн утааны хүхрийн хэмжээг буруулахад зориулагдах хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгааг иргэд шүүмжилдэг.
Албаны улс нь шахмал түлш барьцуулагчдын оронд гурил хүртэл хольж туршина гэж 120 гаруй сая төгрөгөөр тоглож байсан удаатай. Тавантолгой Түлш ХХК-ийн ерөнхий нягтлан 8 удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг нөхрийнхөө данс руу шилжүүлсэн нь ямар газар болохыг харуулна.
Хөгжлийн банкны сонсголоор:
Хянан шалгах хорооны гишүүн Г.Ганболд: Тавантолгой түлш ХХК нь яг одоо 990 тэрбум төгрөгийн өртэй. ЭТТ компаниас 1 их наяд төгрөг авчихсан. Маш их үрэлгэн, бичиг баримтууд алга болдог зүйлүүд их байна. Хэд хэдэн компиас 20-23 тэрбум төгрөгөөр нүүрс худалдан авах гэрээ хийсэн байх юм. Энэ яг ямар шалтгаантай юм бэ?
Шинжээчээс асуухад хятадын хэд хэдэн компаниас 86.4 тэрбум, 47.2 тэрбум, 14.4 тэрбум төгрөгөөр баахан барьцалдуулагч авчээ. 6.8 тэрбум, 3.2 тэрбум төгрөг гээд. Эдгээрийн тендерийн материалыг үзсэн үү. Тендерээр явдаг уу?
Компани асар их алдагдалтай байхад ТУЗ нь өөрсдийгөө өчнөөн тэрбум, сая төгрөгөөр шагнасан байна. Хамгийн дээд тал нь нэг хүн 125 сая төгрөг авсан байх юм. Гэтэл компани нь 1 их наядын алдагдалтай. Юу хийсэн гэж энэ хүмүүс өөрсдийгөө шагнаж байгаа юм бэ? гэж асуусан.
Шинжээч: Эдгээртэй холбоотой баримт материалыг авах гэсэн боловч АТГ-т шалгагдаж байгаа гэдэг үндэслэлээр баримт материалыг ирүүлээгүй. Хоёрдугаарт, зарим худалдан авалт Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон Тагнуулын ерөнхий газрын албан тоот, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан тоотыг үндэслэн шууд худалдан авалт хийсэн байна.
Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Нуль алдагдал байж өөрсдийгөө шагнасан. Үндэсний аудитын газар нь үүн дээр зөрчилгүй гээд дүгнэлт гаргачихсан. Монгол Улсын Үндэсний аудитын газар. Ямар ч санхүүгийн тайлан, баримт байхгүй. Бүгд тендергүй явдаг. Ерөнхий нягтлан нь нөхрийнхөө дансанд мөнгө хийчихсэн.
ТУЗ хэдэн төгрөгөөр шагнасныг жагсаалтаар үзүүлсэн.
Ж.Батбаясгалан 54 сая, Л.Одхүү 25 сая, Б.Насантогтох 53 сая, Л.Гүнбилэг 115 сая, Ш.Батсайхан 78 сая, Б.Анхбаяр 46 сая, Д.Цагаан-Өвгөн 27 сая, О.Одбаяр 78 сая, Н.Дэмбэрэл 57.7 сая, С.Зоригт 80 сая, Ц.Пүрэвхүү 78 сая, П.Өлзийнаран 6.3 сая, Х.Нурлат 72.5 сая, Ц.Шинэхүү 38 сая, Д.Санчир 27.9 сая, И.Лувсанцэрэн 21 сая, Б.Сүндаръяа 8.6 сая, Ч.Дэнчингалсан 43.8 сая. Нийт дүнгээрээ 1.1 тэрбум төгрөгөөр ТУЗ-ийг шагнасан байдаг.
Ийнхүү үрлэгэн загнадаг, Тавантолгой түлш компани нь баяр наадмын үеийг тааруулж өнгөрсөн долдугаар сард "Төвийн үйлдвэрийн B1 давхартай 4 давхар оффис, ахуйн байр, цайны газрын барилга барих" 4.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлаж, хэдийнээ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулсан байна. Долдугаар сарын 19-ны өдөр зарлагдсан тус тендерт "Ингүүмэл үйлс" ХХК шалгарч, гэрээ байгуулсан байна. Хамгийн ноцтой нь тухайн оффисын санхүүжилт нь энэ жил 100 хувь олгогдохоор төсөв нь батлагджээ.