Монголбанкны захирлуудын хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг татаад буй. Монголбанкны Тамгын газрын захирал Ганбатын Пүрэвсүрэн жилдээ 122 сая төгрөгийн орлоготой, 637 сая төгрөгийн нэг орон сууц, нэг зуслангийн хаустай. 240 сая төгрөгийн Land cruiser 200 Range Rover загварын хоёр жийптэй, 210 сая төгрөгийн үнэт эдлэл, 346 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Тэрбээр ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж асан, бригадын генерал С.Ганбатын хүү. Мөн "Фортуна” хочит, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын хүргэн бөлгөө.
Г.Пүрэвсүрэн захирлын аав генерал С.Ганбатыг ТЕГ-аас сүр дуулиантай баривчилж 461 дүгээр ангид хорьсон удаатай. Ингэхдээ түүнийг төрийн нууц задруулсан, хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зэрэг айхтар үндэслэлээр шалгаж байгаа гэж бичиж байлаа. Мөн генерал С.Ганбатын гэрээс 500 мянган ам.доллар бэлнээр, 50 орчим бууны төрлийн галт зэвсэг, төрийн нууцад хамааралтай байж болох зарим материалууд, тагнаж чагнах зориулалт бүхий төрийн данстай төхөөрөмжүүд олдсон гэх мэдээлэл сайтуудаар шуурхай тарсан.
С.Ганбат генерал Эрүүгийн цагдаагийн газрын туслах төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж тус газрын дарга болтлоо дэвшин ажилласан. Мөн Хонконг дахь Ерөнхий консулын газарт зөвлөх консул зэрэг албыг хашиж байсан хүн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас генерал цол хүртсэн С.Ганбатыг сүр дуулиантай саатуулж баривчилсан ч тэгсгээд таг чиг болов...