alim.mn | 2025.01.18
"Арева"-гаас авлига авсан Монголын өндөр албан тушаалтан хэн бэ

Францын цөмийн салбарын тэргүүлэгчдийн нэг байсан "Арева" компани 2013-2017 оны хооронд Монгол Улсад уул уурхайн зорилгоор гадаадын төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн гэсэн дуулианд өртөн. Харин компанийхаа нэр хүндийг бодож, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр тохиролцсон байна. Энэхүү шийдвэр нь Шүүхийн Нийтийн Ашиг Сонирхлын Гэрээ (CJIP)-гээр албажиж, Парисын шүүхээр баталгаажсан ажээ.

Үндэсний Санхүүгийн Прокурорын Газар (PNF)-тай хамтран байгуулсан энэхүү гэрээ нь тухайн хэрэгт гэм буруутай хэмээн дүгнэсэн шийдвэр биш болохыг онцолж, шүүгч Стефан Ноэл “Энэ авч буй арга хэмжээ нь Арева компанид өмнөх үйл ажиллагааныхаа хариуцлагыг хүлээхээс гадна "өнгөрсөн алдаануудыг шийдвэрлэх" боломжийг олгож, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой” гэж ярилцлага өгсөн байдаг.

Арева компанийн уул уурхайн компанийг 2018 худалдан авсан "Orano Mining" компани Францын Авлигатай Тэмцэх Газрын (AFA) хяналтан дор гурван жилийн хугацаанд 1.5 сая евро хүртэлх өртөг бүхий төлбөрийг төлөх болсон байна. Энэхүү компани өнөөдөр Монгол Улсын засгийн газартай гэрээ байгуулан хамтарч ажиллахаар болов. 

"Арева" компани Авлигатай Тэмцэх Төв Газрын (Oclciff) мөрдөн шалгалтын явцад 2015 оноос Eurotradia International зуучлагч компанийн оролцоотойгоор 1.275 сая еврогийн сэжигтэй төлбөр хийсэн нь илэрсэн байна. Уг хөрөнгийг ашиглалтын лиценз баталгаажуулах хэлэлцээрийн хүрээнд Монголын нэгэн бизнесмэн рүү шилжүүлсэн болохыг тогтоожээ. Шилжүүлсэн хөрөнгийн тодорхой хэсгийг хэлэлцээрт оролцсон Монголын өндөр албан тушаалтан үл хөдлөх хөрөнгийн төслийг санхүүжүүлэхэд ашигласан бол өөр нэг албан тушаалтан 251,600 ам.доллар хүлээн авсан нь уг хэргийг авлигын шинжтэй хэмээн сэжиглэх үндэслэл болсон байна. Энэ авлигын асуудлыг Францдаа эвээ олоод шийдэж, харин "Арева"-гаас авлига авсан Монголын өндөр албан тушаалтан хэн бэ? 2013-2017 онд өндөр албан тушаал хашиж байсан этгээд болох нь тодорхой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ