Одоогоос 779 жилийн өмнө 1241 оны 04 сарын 11-12-ны өдөр Батхаан, Сүбээдэй баатар нараар удирдуулсан Их Монгол улсын их цэрэг Унгар улсын хаан 4-р Белагийн удирдсан Унгар-Европын армитай Шаёо голын эрэгт тулж, Их Монгол улсын арми ялгуусан ялалт байгуулсан билээ. Энэ тулаан Унгарын түүхэнд Мухи тулаан (Muhi csata) хэмээн тэмдэглэгдэн үлджээ. 1241-1242 онд Монголын их арми Унгар улсыг байлдан дагуулсан Монголчуудын байлдан дагуулал эхэлжээ. Үүнийг Tatárjárás гэж түүхэнд нэрлэсэн. Энэ нь татарчуудын дайралт гэсэн үг ажээ. Шаёо голын тулаан гэж Монгол Улсын түүхэнд нэрлэгдсэн Мухийн тулааны тухай унгарчууд анимайшн хийсэн байна. Шаёо голын эрэгт тулааны тухайд Бат хаанаар удирдуулсан Монголын их цэрэг Унгарын 4-р Бела хааны армийг бут цохисон. Дараа жил энэ тулааны 780 жилийн ой тохионо.
779 жилийн өмнөх энэ өдөр юу болсон бэ? Энэ талаар Унгарын эх сурвалжууд Батхааны удирдсан монголын их цэрэг 1241 оны 3 сарын 17-нд Верецке-ийн даваагаар даван (одоогийн Украйн улсын нутаг дэвсгэр) Унгарын хаант улсын нутаг дэвсгэрт цөмрөн орж, хэдхэн хоногийн дотор Дунай мөрөнд тулж Пешт, Эстергом, Вац зэрэг замд тааралдсан хот тосгоныг газартай тэгшлэн, галдан шатаажээ. Тэр үеийн Унгарын хаан 4-р Бела Ромын Пап ламаас болон бусад европын улсуудаас тусламж авч чадаагүй ч 50000 цэрэг цуглуулсан байлаа. Монгол цэргийн тоог 9 түм байсан гэж унгарын эх сурвалжууд бичжээ.
Ийнхүү шийдвэрлэх тулаан хийх үе ирэхэд 4-р Бела хаан цэргээ удирдан Шаёо голын баруун эрэгт ирж гол дээр байх цорын ганц гүүрний дэргэд байрлажээ. Ийнхүү байрлахдаа Бела хааны тушаалаар тэргүүдээ тойруулан хүрээ үүсгэж, майхан гэрүүдээ хаяа нийлүүлэн барьсан нь хамгаалалтын зорилготой байжээ. Харин энэ нь амиа алдаа байсныг тэр үед хэн ч мэдсэнгүй. Хаврын цас хайлснаас шалтгаалан Шаёо гол ус ихтэй байгаа, гарам урсгалын дээр доор хол байгаа тул ганцхан энэ гүүрээр гарах боломжтой гэж байлдааны тактикаа сонгожээ. Бела хааны арми хуяг дуулга бүхий хүнд морин цэрэг, явгаг цэрэг, харваачид, хөнгөн морин цэргээс бүрдэж байлаа. Бела хаан асар хурдан хөдөлгөөнт монгол цэргүүдийн эсрэг цэргээ нэг дор төвлөрүүлэн гинж мэт холбосон тэрэг, бамбайгаар хамгаалалт хийнэ гэж тооцоолжээ. Эндээс харахад Бела хаан бат бэх цайзад хамгаалалт хийх адил удаан хугацаагаар байлдахаар төлөвлөсөн бололтой. Энэ хамгаалалт нь өөрсдийн хөдөлгөөн хийх боломжийг бүрэн хумьсан бөгөөд монголчууд гүүрийг эзлэн гол давсан, эсвэл гарам олж гол гаталсан тохиолдолд амархан бүслэлтэнд орохоор байлаа. Энэ бүх үйлдлээс Бат хаан унгарчууд зөвхөн хамгаалах тактиктай байх юм байна гэж ойлгож байлдааны аргаа сонгосон нь гарцаагүй. Бат хаан болон жанжнууд нь унгарчууд хамгаалахаас өөр үйлдэл хийхгүй гэж үзээд 4 сарын 11-нд довтолгоо эхлүүлж, гүүр лүү довтолж эхэлжээ. Гэвч нарийн гүүрийг цөөхөн хүний хүчээр ч амжилттай хамгаалж болно гэдэг монголчууд тооцсонгүй. Мөн Монголын талд байсан нэгэн орос ноён тулааны өмнө Унгарын талд урваж, Монголын байлдааны тактикийг илчилснээс шалтгаалан хамгийн шилдэг рыцарь, хүлэг баатруудыг гүүрэн дээр байрлуулсан байлаа. Мэдээж монгол хүн морьгүй бол хэцүү, монгол цэрэг явган тулаанд европын шилдэг элитүүдийг ялахад хэцүү гэдэг нь ойлгомжтой. Гүүр лүү довтолсон монгол цэргүүдийг харваачдын сум угтаж, түүнийг давсан цэргүүдийг хүлэг баатрууд дарж байлаа. Монголчуудын гүүр эзлэн авах оролдлого амжилтгүй болж олон зуун хүнээ алдаж, тулааны эхний үе буюу 4 сарын 11-ний өдөр монголчуудын ялагдлаар өндөрлөжээ. Маргааш өглөө нь буюу 4 сарын 12-нд монголчуудын дайралт дахин эхэлсэн байна. Энэ удаад хамгийн их хохирол учруулж буй харваачдыг холдуулах устгах зорилгоор чулуу шидэгчийг ашиглахын зэрэгцээ Сүбээдэй баатарын цэргүүд гүүрний баруун талаар гарам гарган гол давах оролдлого хийж эхэлжээ. Тэр үед Сүбээдэйн цэргүүд ихээхэн хүнд ч гэсэн голыг давж Унгарын цэргийн хүрээ рүү дайрч эхэллээ. Энэ үед Бат хааны бие хамгаалах цэргүүдийн ахлагч Бакату тэргүүтэй олон ноёд эрсэдсэн тухай эх сурвалжууд бичдэг. Ингээд өглөөний 7 цагийн үед унгарчуудын хувьд там эхэлж, гүүр хамгаалах, хүрээгээ хамгаалах гэж хүч тарамдаж нэгдсэн удирдлагагүй болж эхэллээ. Монголчууд хүрээг бүслэн авч, унгарчууд жижиг талбайд эсэргүүцэх боломжгүй болж, морьт цэрэг довтлох боломжгүй боллоо. Гэвч унгарчууд мөн христийн шашинт хүлэг баатрууд хамгийн найдваргүй нөхцөлд ч бууж өгөлгүй орой хүртэл тулалдаж, хүлэг баатруудаас ганц ч хүн амьд үлдээгүй байна.
Бела хаан дагалдагсдынхаа тусламжтайгаар байлдааны талбараас зугтааж чаджээ. Ийнхүү Бела хаанаар удирдуулсан Унгарын арми бүрэн бут цохигджээ. Ийнхүү 1242 оныг хүртэл үргэлжилсэн Монголчуудын байлдан эзлэлт Унгар улсад эхэлж, хөөрхий Бела хаан Австрийн хаан руу зугтаан очсон ч хамаг алт мөнгөө дээрэмдүүлж, нутгаасаа тодорхой хэсгийг таслан өгч байж амьд гаран одоогийн Хорватын нутаг дэвсгэр болох тэр үед арал байсан цайзад амь хоргодсон байдаг. Энэ үед Бурханаас тусламж гуйн монголчуудыг зайлуулж өгвөл ээжийнхээ гэдсэнд буй хүүхдээ өгнө гэж тангараг тавьсан тухай Маргит охины тухай домог Унгарт бий.
Ийнхүү 779 жилийн өмнөх энэ өдөр Монголын их арми Европ хүрэх замыг нээж Унгарын армийг бут цохиж байжээ. Тэр үед европын эх сурвалжид “энэ жил 350 жил оршин тогтносон Унгарын хаант улсыг татарын арми бүрэн устгалаа” гэж бичиж байжээ.
