alim.mn | 2024.12.23
"Эрдэнэт"-эд дарга, албан тушаалтны хийсэн шахаа 6.1 тэрбум ам.доллартай тэнцэнэ

Өмнөх Засгийн газрын үед иргэд хандаж, тулгамд­сан асуудлаа шийдүүлдэг байсан 1111 төв ажиллахгүй болсон. Тиймээс М.Хүдэрбаатар “Иргэнээ сонсох 1111 төв” ТББ байгуулсан гэдэг.  Энэ Төрийн бус байгууллага “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар мэдээлэл авснаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн иргэдэд танилцуулсан. Энэ үед хэд хэдэн ноцтой асуудал хөндөгдсөн удаатай.

М.Хүдэрбаатарын санаачилснаар “Иргэнээ сонсох 1111 төв” төв байгуулагдаад сар хүрэхгүй энэ хугацаанд иргэдээс 500 гаруй санал ирсэн байдаг. Ирсэн саналын 70 орчим хувь нь онцлох сэдэв болсон “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой. Тэр тусмаа сүүлийн 27 жилийн турш бугшсан авлига, шахааны бизнес, албан тушаалын гомдол байжээ. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр”-ийн 21 захирлын гурван жилийн хугацаанд цалин, улирлын урамшуулал нэрийн дор хувьдаа завшсан 20 тэрбум төгрөгийн асуудал. Нэг захирал сардаа авч байгаа 9,000 ам.долларын цалин, улиралд авдаг 40 мянган ам.долларын урамшуулал, шинэхэн томилогдсон захирал амьдарч байгаа байраа 25 сая төгрөгөөр засуулсан тухай мэдээлэл иржээ. Оросын тусгай аудитын хийсэн шалгалтаар Монгол Улсын 51 хувиа эзэмшиж байсан сүүлийн 26 жилийн хугацаанд нийт дарга албан тушаалтны хийсэн шахаа 6.1 тэрбум ам.доллартай тэнцэж байна гэж тогтоосон байна. Судалж тогтоосон 6.1 тэрбум ам.доллар бол өнөөдрийн ханшаар 16 орчин триллион төгрөг. “Шахаачид”-ын халаас руу орсон мөнгөөр 7,500 цэцэрлэг, 3,000 сургууль, 1,000 эмнэлэг барих боломжтой гэсэн үг.  "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэн нь томилогдсон өдрөө 300 саяын машин авч, өөрийн байрандаа 200 саяын тавилга авч улсын мөнгөөр тансагласан гэх мэдээлэл ирснийг М.Хүдэрбаатар мэдээлж байлаа. Энэ ноцтой мэдээллүүдийг АТГ анхааралдаа авсангүй, "Эрдэнэт үйлдвэр"-ийнхэн ч тоосонгүй. Хэнтийд нэр дэр дэвших хүсэлтэй М.Хүрэлбаатар бүхэл бүтэн нэг үйлдвэрийг ингэж гүтгэсэн бол хариуцлагаа хүлээмээр. Авлигын тухай том асуудал хөндөгдөвч, албан тушаалтнууд, иргэд анхаарахгүй өнгөрөөсөөх байх уу. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ