ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭ ХИЙДЭЭС 100 ЖИЛИЙН ДАРАА ЛХААРАМБА ЦОЛ ХҮРТСЭН Ж.ВАНДАНЦЭРЭН ЛАМ НУТАГТАА МОРИЛОВ
Баянхонгор аймгийн Ламын гэгээний Гонгандандэдлин хийдийн унаган шавь, Дашчойнпэл дацангийн гавж Ж.Ванданцэрэн 2002 оноос Энэтхэг улсын Балдан Брайвүн Даш Гоман дацанд шавилан сууж, буддын гүн ухааны таван их ботийн номд суралцан 16 зиндааг дүүргэсэн билээ. Улмаар Гэвш Лхаарамбын зургаан жилийн шалгалтыг амжилттай өгч, 2025 оны 11 сард гэвш Лхаарамбын хурлаа хуруулан, дамжаагаа барьж “Лхаарамба”хэмээх эрхэм дээд эрдмийн цолоо хамгаалсан юм.
Ламын гэгээний хүрээ хийдээс буюу Хонгор нутгаас 100 жилийн дараа Буддын гүн ухааны дээд цолыг хүртсэн Лхаарамба Ж.Ванданцэрэн төрөлх нутагтаа шинэ оны эхэнд морилж, аймгийн удирлагууд өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ.
Засаг дарга Э.Энхбат: “2025 он Баянхонгорчуудад ээлтэй сайхан жил байлаа. Улсын наадмын азарганы түрүү, бөхийн түрүүг хүртэж, шинэ залуу арслантай болсон. Мөн төрөлх сайхан нутгаас маань 100 жилийн дараа буддын шашны дээд цолтон төрсөнд нутаг олноороо бэлгэшээн байна. Таны санасан үйл хэрэгт амжилт хүсье” хэмээв.
Лхаарамба Ж.Ванданцэрэн энэ сарын 13-нд төрөлх нутгийнхаа лам хуврагуудыг нэгэн дор хуруулан, уншлага номоо айлдах зэргээр шашны арга хэмжээг Ламын гэгээний Гон Гандан Дэдлин хийд, аймаг орон нутагтай хамтран зохион байгуулах аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
