alim.mn | 2026.03.13
Нийгмийн сэтгэцийг эмчлэх ёстой СЭМҮТ хувийн бизнесийг дэмжих сүлжээ болон хувирсан уу? Ж.Чинбүрэн сайд аа!!!

 Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охины хамт хөнөөсөн онц хэрцгий хэрэг гарч нийгмийн сэтгэл зүйг түгшээж олныг айдаст автуулсан нь саяхан. Эл хэргийн хөрш айлынх нь сэтгэцийн өвчтэй хүн үйлдсэн болохыг тогтоосон. Гэтэл хэдхэн хоногийн өмнө өсвөр насны охид нэгнээ бүлэглэн зодож тамлаж буй бичлэг цахим орчинд тархлаа. Тэдний аав ээж цагдаагийн хурандаа, сургуулийн математикийн багш нар байгаа нь олны эгдүүцлийг төрүүлж байна. Эдгээр үйлдэл болнийгмийн сэтгэцийн эрүүл мэнд ямар түвшинд байгааг харуулж байгаа дохио биш гэж үү. Ийм гэмт хэрэг анхных биш. Ялангуяа сүүлийн үед тоо нь хурдацтай өсөж байгаа.
    Ээж охин хоёрыг хөнөөсөн сэтгэцийн өвчтөн эмчлэг ёстой, хараа хяналтдаа байлгаж хорих ёстой байгууллага бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв. Мөн нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг судалгаанд тулгуурлан оношилж арга хэмжээг авах байгууллага бол бас л СЭМҮТ. Харамсалтай нь тэд өнөөдөр юу хийж байна.
    Энэ байгууллага жилийн өмнө мэргэжлийн бус удирдлагатай болж түүнийг тойрон хүрээлэгчдийн үүр уурхай болсон сурагтай. СЭМҮТ-ийн удирдлагын багийн зарим хүмүүс өөрсдөө хувийн эмнэлэг, сэтгэл заслын төвүүд ажиллуулдаг бөгөөд улсын байгууллагын ажлаас илүү хувийн үйл ажиллагаандаа анхаарч байна гэх шүүмжлэл эмнэлгийн хүрээнд гарч байна. Хамгийн наад захын жишээ бол Сургалт, сурталчилгаа, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Н.Алтанзул албан тушаалаасаа илүүтэй өөрийн Mindfit сэтгэл заслын төвөө өргөжүүлэхэд анхаарч байна гэх яриа эмч нарын хүрээнд тархжээ.
    Мөн тухайн эмнэлэгт ДЭМБ болон олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрөөр орж ирсэн санхүүжилт яг хаашаа, ямар байгууллагын дансанд, ямар зарцуулалтаар явж байгаа вэ гэдгийг хариуцсан яам тамгын газрууд нь шалгаж тогтоох ёстой байх. Үүнийхээ хүрээнд дэд захирал Н.Алтанзулын хамаарал бүхий байх магадлалтай “Амгалан ухаан” ТББ болон Mindfit сэтгэл зүйн зөвөлгөө өгөх төвтэй холбоотой данснуудыг хууль хяналтын байгууллагууд шалгах нь зөв байх.
    Мөн Улсын эмнэлэгт 30–50 мянган төгрөгөөр хийдэг сэтгэл зүйн шинжилгээ СЭМҮТ-ийн удирдлагад байгаа нөхөд хувийн төв дээр 180–200 мянган төгрөгөөр хийдэг гэсэн яриа олны дунд явна. Тэд хүүхдээ үзүүлэх гэж ирсэн эцэг эхчүүдийг удаан хугацаагаар хүлээлгэх, янз бүрийн шалтгаанаар буцаах тохиолдол их гаргадаг гэнэ. Цөхөрсөн эцэг эхчүүд арга буюу хүн амьтнаас сураглан байж тухайн эмчийнхээ хувийн эмнэлэг өндөр төлбөр төлж очиж үзүүлдэг аж.Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хариуцдаг албан тушаалтнууд хүртэл хувийн төвд давхар үйлчилгээ үзүүлж байгаа талаар мэдээлэл ч байна.
    Эдгээр хүнд суртал, хууль бус үйл ажиллагааг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч тус төвийн дарга Г.Ууганцэцэг нь Ж.Чинбүрэн сайдын зөвлөх Б.Дэмбэрэлийн ойрын хүн учраас өөрийн дураар аашилж таалагдахгүй нэгнээ ажлаас халж “өөрийн” гэх мэргэжлийн бус хүмүүсээр СЭМҮТ-ийг дүүргэж байгаа аж. Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд, өсвөр үе, гэр бүлүүд тусламж үзүүлэх байгууллага нь өнөөдөр хувийн бизнесийн сүлжээ болон хувирч, төрийн үүргээ биелүүлэхээс илүү ашиг сонирхлын сүлжээнд автсан байхад өөр хэн нийгмийн сэтгэцийг эмчлэх юм бэ. Үүнийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс асуумаар байна.

Үргэлжлэл бий...
Aranshin.mn

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ