Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшор данс, Оюунтолгойн гэрээтэй холбогдуулан шалгаж, хоёр ч удаа саатуулж, батлан даалтанд гаргалаа. Монголын улстөрчдөөс боловсрол, хэл усаараа тэргүүлдэг Сангийн сайд асан С.Баярцогтыг Америкийн компаниас 17 тэрбумаар зөвлөх үйлчилгээ авсанд эргэлздэг хүмүүс бий. Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард ”ЯДУУ ОРНУУД ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТӨД ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГУУДЫГ САЯ САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛАН ХӨЛСЛӨХӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ” гэж онцлон хэлэв. Энэ үг манай оронд ч хамаатай. Тухайлбал, төрийн өмчит “Монголын Төмөр зам” компани 2011 онд АНУ-ын алдарт "McKinsey& company” гэдэг компанийг Даланзадгад-Чойбалсангийн чиглэлийн 1100 км замын зөвлөхөөр авч байсан. Энэ зөвлөх компанийн ажлын хөлс жилийн 5сая 650 мянга ам.доллар болж байсан. Тухайн vед дансандаа 200 сая төгрөгтэй “МТЗ” төрийн өмчит компани энэ их мөнгийг яаж төлөх вэ гэсэн асуудал гарсан. Тэгээд тухайн vеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай зөвшилцсөний эцэст гурван илчит тэргээ банкинд барьцаалан 5 сая гаруй ам.долларыг зөвлөх багт өгөхөөр болсон нь одоо сонсоход яг үлгэр шиг. Тэрчлэн “Эрдэнэс Оюутолгой” компанид Америкийн хуулийн фирмээс 17 тэрбум төгрөгөөр эрх зvйн зөвлөх vйлчилгээ авч байсан. АНУ-ын ”Painter Law Firm" компаниас хуулийн эрх зvйн зөвлөгөө авахад зориулж төсвийн тодотголоор 17 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Энэ компанийг Сангийн сайд асан С.Баярцогт санал болгож, тухайн үеийн Төсвийн байнгын хорооны дарга Б.Болорт үүрэг болгосон тухай яригдаж байна.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард АТГ-аас С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж, нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан ч, удалгүй батлан даалтад гаргасан. Итгэ, шалга гэж нэгмөсөн АНУ-ын хуулийн фирмд шилжүүлсэн гэх 17 тэрбумын хэргийг давхар шалгах ёстой гэх хүмүүс байна.