alim.mn | 2024.12.23
Нэг бүр нь 11 сая төгрөгийн үнээр хийсэн 15 сүүдрэвчийн хэрэг...

Жаран тэрбум, ЖДҮ, Шинэ төмөр зам, АСЕМ гэхчлэн төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулагдсан гэж яригддаг ч шалгадаггүй, эцэслэн шийдэгддэггүй, улстөрчдийн дуусдаггүй, яриа хэрүүлийн алим болдог сэдэв байна. Тэгвэл АСЕМ-ын хөрөнгөөр сүүдрэвч барихдаа мөнгө завшсан хүмүүсийг шалгаж дууссан байна. АСЕМ-ын арга хэмжээний үеэр Ардчилсан намын удирдлагууд, түүнийг дагасан хүмүүс жижиг компаниуд улсаа гэхээсээ илүү өөрсдөө ашиг олохыг хичээсэн ажил явуулсан нь нууц биш.  Зүгээр л сүүдрэвч барьсан компани 114 сая төгрөгийн зардал гаргаснаа 165 сая төгрөгийн ажил хийсэн гэж хуурамч тайлан гаргасан асуудлыг шалгасан юм.

Нийслэлийн захирагчийн ажлын алба “Их Мандах-Очир” компанитай 165 сая төгрөгөөр шууд гэрээ байгуулж Дүнжингаравын зам дагуу 15 байршилд ногоон төгөл бүхий бичил тохижилтын ажил /сүүдрэвч, хогийн сав, цэцгийн мандал/-ыг хийж гүйцэтгэсэн гэх боловч аудитын тулгалтаар нийт есөн сүүдрэвч, найман хогийн сав, хоёр цэцгийн мандал байсан ба сүүдрэвчүүдийн ерөнхий байдал эвдэрсэн, хогийн сав тоногдон алга болсон, цэцгийн мандал эвдэрч нурсан байдалтай байжээ. Эдгээрийг хийсэн хийц материал нь удаан "хугацаанд ашиглагдах боломжгүй байсныг тогтоосон. Нэг бүр нь 11 сая төгрөгийн үнээр хийлгэсэн сүүдрэвч гэхэд хэтэрхий өндөр үнээр хийгдсэнийг ч ил болгосон юм. 

Үүнийхээ дагуу Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутгийн 15 байршилд сүүдрэвч барьж, бичил тохижилтыг 114 сая гаруй төгрөгөөр хийжээ. Гэвч нийт 165 сая төгрөгөөр гүйцэтгэсэн хэмээн Захирагчийн албаныханд хуурамч тайлан гаргаж өгсөн гэнэ.  Ингээд 2016 оны зургадугаар сарын 27, 12 дугаар сарын 20, 2017 оны арваннэгдүгээр сарын 23-нд нийт 152.3 сая шахам төгрөг шилжүүлэн авч, НЗДТГ-т 38.1 сая төгрөгийн хохирол учруулсан нь ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчдийн шалгалтаар ил болжээ. Энэ хэрэгт холбогдуулан Б.Мягмарсүрэн, Э.Ууганбаатар, Б.Баасансүрэн нарыг шалгасан байна. Жижиг гэлтгүй энэ мэт зөрчлийг илрүүлэн шалгаж эхэлсэн нь сайн хэрэг. Баабар АСЕМ-ын ажлын хэсэгт түр хугацаанд ажилласан. Энэ тухайгаа “Бөөн шуналын микробнууд. Хүний ой тойнд багтамгүй их мөнгө гүйцэтгэлд нэхсээр орж ирдэг юм билээ. Зочдын тосгоныг тохижуулахад 2 тэрбум төгрөг гэсээр орж ирэхэд нь загнасаар байгаад 500 сая болгосон”  гэж ярьж байв. АСЕМ-ын үеэр  5.5 САЯ АМ.ДОЛЛАРААР АВСАН 43 АВТОБУС БАРАГ ШААРДЛАГАГҮЙ БАЙСАН гэдэг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ