УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан саяхан чуулган дээр "Нэткапитал ББСБ-ыг шалгах хэрэгтэй. Энэ компанийн захирал Д.Сүндий гэгч залуус саяхан надаас мөнгө гуйгаад явж байсан. Саяхан даа, гэтэл одоо 61 тэрбум төгрөгтэй болсон гэж байна лээ. Энэ залууг Ч.Сайханбилэгийн авлигын мөнгийг угаасан болов уу гэж бодож байна. Санхүүгийн эх үүсвэрийг нь шалгаач ээ. Гадныхан ББСБ-д мөнгө угаана гэж юу байхав, дотоодын луйварчид мөнгө угаана биз дээ" гэсэн утгатай үг хэлэв. Яг нарийн нэр цохоогүй ч хүмүүс ингэж ойлгож байна. УИХ-д нэр дэвшихээр улайрч уут сав, цүнх тор тарааж яваа Д.Сүндий Чингэлтэйд нэг очиж, Дорноговиор нэг эргэлдэж яваа гэсэн. Иймээс 2016 онд Дорноговиос сонгогдсон МАН-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тойргоо харамлаж, Д.Сүндий рүү дайрсан нь илт. Хоноц хоноцдоо дургүй гэгч болсны илрэл.
Гэхдээ Д.Сүндий залуу хүн гэхэд яах аргагүй сүйхээтэй, элдэв аргатай гэдэг. Анх улстөрд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хүн гэж орж ирсэн. Одоо “том ах” нь улс төрөөс хол, шүүх цагдаад ээрэгдэн, аюултай өвчин туссан учраас Америкт эмчлүүлж байгаа. Одоо коронавирусын улмаас хөл хорионд орсон.
Гэтэл Ч.Сайханбилэг ах нь сандарч явахад, Д.Сүндий одоогийн намынхаа дарга нартай сүжирч 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зүтгэж явна. Д.Сүндийгийн эхнэр нь АН-ын одоогоор “эмэгтэй бурхан” болсон Салдангийн Одонтуяад шадарлаж, Чингэлтэй дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болжээ.
Д.Сүндий зэрэг залуус АН-ын томоо даргыг арслангийн ангаар урхидсан гэлцэх...
АН-ын хамаг “бүдүүн” даргыг Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсад аялуулж, араатны хаан арслан агнуулснаа сайрхан ярьж, ам алдсан гэнэ. Үнэхээр гар утасны зураг дээр нь АН-ын хамаг бүдүүн даргатай цуг Э.Өлзийбаяр, Д.Сүндий, Д.Мөнхнаран зэрэг залуус байсан гэсэн яриа АН-аар тарж байна. Тэд буудаж алсан арслан дээр хөрвөөж хүчийг нь авдаг африкчуудын ёслолтой адил байдлаар бөөнөөрөө налж суусан байсан гэнэ. Өмнөд Африкт арслан агнах зөвшөөрөл авахад 35 мянгаас 50 мянган доллар байдаг аж. Дээр нь тив дамжин ниссэн зардал, буусан буудал гээд яривал нэлээн их мөнгөөр зугаацсан нь тодорхой.