
Норвеги 5,2 сая хүн амтай, ард иргэд нь амар амгалан амьдардаг, баялгийн сангаар бүрдүүлсэн мөнгөөрөө дэлхийд тэргүүлдэг. Сүүлийн үед манай эрх баригчид Норвегийн баялгийн сангийн тухай ам хуурайгүй ярьж, туршлага судлахаар ярьдаг. Монгол, Норвеги улс хоёрын хүн амын тоо ойролцоо баялгийн баялаг, нэг хүнд ноогдох тоогоороо ойролцоо. Харин Норвегиуд нийтээрээ элбэг хангалуун, эрх дураараа, амар тайван амьдарч байхад монголчууд эсрэгээ. Өвөл нь утаа, хавар нь шороо, зун нь муухай үнэрт дарлуулж, хүний хөгжлийн сангаасаа 21 мянган төгрөг авч үзснээс өөр, баялгийнхаа бараа, үр ашгийг үзээгүй. Хүн амын дийлэнхи нь ядуу зутруухан амьдардаг.
Сүүлийн үед эрх баригчид Норвегийн талаар ярих боллоо. Анх 2012 оны 10 дугаар сард Ц.Элбэгдорж Норвегид айлчилсан. 2015 онд араас нь Гадаад хэргийн сайд айлчиллаа. 2013 онд Норвегийн Ерөнхий сайд, Уул уурхайн сайд нь хүрэлцэн баялгийнхаа сангийн туршлагаас харамгүй хуваалцаж, зөндөө лекц уншлаа. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 23-ны өдрүүдэд Норвегийн Вант Улсад айлчиллаа. Ийнхүү 30 шахам удаа туршлага судалжээ. Байдал ер өөрчлөгддөггүй, бахь байдгаараа. Харин Норвегийн албаныхан манай дарга нарыг "Та нар дахиад л ирэв үү" гэж асуусан гэдэг.
Өнгөрсөн 2019 онд манай УИХ-ын 10 гишүүнтэй нүсэр бүрэлдэхүүн Норвегид очиж туршлага судлах ёстой байсан ч найман гишүүний виз гараагүй бөөн асуудал болсон. УИХ-ын гишүүн М.Билэгт, М.Оюунчимэг, Б.Ундармаа тэргүүтэй гишүүдийн виз гараагүй. Азаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд С.Чинзоригийн виз гарчээ. Аргагүй дээ, Норвегийн Ерөнхий сайд нь хааяа таксины жолооч хийж, сайд эмэгтэйчүүд нь манай жирийн эзэгтэй нар шиг энгийн хувцасладаг. Төсвийн мөнгөнөөс хулгайлж идэх ойлголт ер байхгүй. Тиймдээ ч 2017 онд Үндэсний баялгийн сандаа нэг их наяд долларын хуримлал үүсгэж, иргэн бүртээ 200 мянган долларын хуримтлал бий болгожээ. Гэтэл манай түшээд жижиг дунд үйлдвэрлэгч нартаа зориулсан сангаас төсөв баталдаг УИХ-ын гишүүд нь 950 саяас 1,4 тэрбум төгрөг хүртэл хуваагаад авчихсан. Жижиг дунд үйлдвэрүүд хаалгаа барьж байхад эсрэгээ УИХ-ын гишүүд торго дурдан тоохгүй, дэлхийн хамгийн үнэтэй брэндийн хувцсаар өвч хучигдчихсан. Жижиг дунд үйлдвэрийн зээлнээс нөхөртөө, хүүдээ, аав ээж, авгайдаа аваад өгчихсөн. Ийм улс Норвегийн үндэсний баялгийн санг судална гээд алт сваровский, булга минж болоод виз хүсэхээр очихоор хэн итгэж, виз дарах юм бэ. ЖДҮ-ийн зээлийг өөртөө авчихдаг, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигладаг манай УИХ-ын гишүүдэд Норвегийн элчингийнхэн итгэсэнгүй. УИХ-ын гишүүдийн визийг дарахаас татгалзсан нь шударга ёсны өнцгөөс харахад зөв ч байж магадгүй. Хүн төсвийн мөнгө идэж болохгүй, нэг бол түрийвч суйлснас ялгаагүй хулгай. УИХ-ын гишүүдийн виз дарагдаагүй буцсан нь яамай.
Удахгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх Норвегид айлчлах төлөвлөгөөтэй байсан ч коронавирусын тархалтаас болоод чадсангүй. Уг нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Норвегийн энэ туршлагыг судлахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа” гэж мэдээлсэн. ЖДҮ-гийн мөнгийг хамаагүй, тарааж цацаад байвал Төрийн тэргүүнд ч виз дарахгүй үе ирэх вий. Дэлхий нийтээр хулгайг жигшиж, хүний тэгш эрх, тэгш боломж, шударга ёсыг энхтайван шиг тогтоохыг хүсэж байгаа 21 дүгээр зуун шүү дээ, эрхэм гишүүд ээ.