Өмнө нь Москва төрийн албан хаагчдыг олон нийтийн өмнө үг хэлэхдээ гадаадын тэр тусмаа Америкийн төрийн зүтгэлтэн, эрдэмтэд, судлаачдын хэлсэн үгээс иш татахыг хориглосон шийдвэр албан бусаар гарсан хэмээн яригдаж байсан. Энэ үнэн болох нь батлагдсаар байна. Жишээлбэл төрийн өмчит «Роскосмос» корпорацийханд “Space X” компанийг үүсгэн байгуулагч нэрт бизнесмэн Илон Маскын хэлсэн үгээс иш татахыг хориглосон нь ил болжээ. Энэ тухай тус корпорацийн ерөнхий захирлын орлогч Юрий Урличич энэ сарын 11-нд Москва хотноо болсон “Оросын аж үйлдвэрийн шинэчлэлтийн тулгамдсан асуудлууд” гэдэг эрдэм шинжилгээний хуралд үг хэлэхдээ ам алджээ.
-Нэгэнт хэсэг нөхөд намайг болон бусад ажилтнуудыг Илон Маскын хэлсэн үгээс иш татахыг хориглосон тул нөхөр Сталины үгээс л иш татая. Техникийг гартаа атгасан боловсон хүчин бүх асуудлыг шийднэ/Боловсон хүчин бүх асуудлыг шийднэ.Сталин/-
Орлогч тэрхүү “хэсэг нөхөд” нь хэн болох талаар хэлээгүй байна. Харин түүний дарга буюу «Роскосмос»-ын ерөнхий захирал Дмитрий Рогозин Илон Маскыг чадахгүй зүйлээрээ оролддог, мэргэжлийн бус хэмээн шүүмжилдэг. Ерөнхий захирал нь сансар судлал болон пуужин үйлдвэрлэлийн салбарт оросууд тэргүүлэгч нь, хойшид ч тэргүүлэгч байх ёстой гэж үздэг агаад энэ салбард шинээр орж ирэгчдийг ихэд хажиглаж гадуурхдагаараа алдаршсан. “Space X” компани хиймэл дагуулыг сансарын тойрог замд оруулах зориулалттай зөөгч “Falcon 9” пуужин бүтээснээ зарлахад Дмитрий Рогозин “бид үүнийг чинь 1959 онд хийчихсэн юм” хэмээн мэдэгдэж байсан удаатай.