alim.mn | 2024.12.23
Б.Батдорж: Асрамжийн газарт өссөн би Хилийн салбарт дахин нэг шинэ гэр бүлтэй болсон

Асрамжийн газарт өссөн ухаалаг хүү Хилийн цэргийн 0184 дүгээр ангид иржээ. Цэргийн албаа үлгэр жишээ хааж, найзуудаа түүчээлэх хүсэлтэй хүү хүмүүжүүлж өсгөсөн багш, цуг өссөн олон дүү нартаа захиа бичсэн нь олны сэтгэлийг хөдөлгөж байна.

Би “Манай гэр-1,2” асрамжийн газарт өссөн. Гэхдээ энэ байдалдаа огтхон ч эмзэглэдэггүй. Харин ч өнөр өтгөн нэг гэр бүл. Би найзууд дундаасаа анх удаа цэргийн алба хаахаар шийдээд Хилийн 0184 дүгээр ангид ирсэн. Цэргийн албаа үлгэр жишээ хааж найзуудаа түүчээлэх хүсэлтэй. Анх ангийнхаа хашаагаар орж ирэхэд бишүүрхэх сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Сургалтын төвд цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын хугацаанд их ч будилсан даа. Цэргийн цолыг нэг бүрчлэн цээжлэх нь амаргүй байж билээ
Гэхдээ 45 хоногийн хугацаанд дарга нараасаа их зүйлийг сурч авсан.
Шинэ цэргүүд бид тангаргаа өргөөд хил рүү явав. Тэнд бахархал, омогшил жинхэнэ утгаараа төрдөг юм билээ. Эх орны хил дээр эр цэрэг нь болон зогсох үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай мэдрэмжийг төрүүлдэг. Хилийн салбарт би дахин нэг шинэ гэр бүлтэй болсон. Салбарын дарга, орлогч, бүсгүйчүүд бүгд л бидэнд санаа тавьж, зааж сургана. Би тэр сайхан хүмүүсийн надад өгсөн итгэлийг алдахгүйн тулд хичээж, албаа нэр төртэй хааж байна. Цэргийн алба намайг дахин төрүүлсэн. Гэхдээ маш ухаантай хүү болгосон. Цэргээс халагдаад очихдоо амьдралыг ухаарсан, ажилд суралцсан, буруу зөвийг шүүн тунгааж чаддаг болоод очно. Ээж таныгаа гомдоож байсан мөч бүрийг минь уучлаарай. Хүү нь удахгүй халагдана. Дүү нарыгаа ч санаж байна. Та нар минь амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл саруул сууж байгаарай. Гэр бүлдээ маш их хайртай шүү.

Хүндэтгэсэн хүү Б.Батдоржоос багш Энхтүвшинд
Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг долдугаар хороо “Манай гэр-1,2” асрамжийн газар


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ