Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг ахынхаа компанид давуу эрх олгож, орд газар бэлэглэсэн гэх гомдол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд өрсөлдөгчид нь гомдол гаргасан.
Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуугийн охин Эрдэннтуул “Би BMW-X6 ундаг. Намайг сургуулиа амжилттай төгссөнд бэлэг болгож аав маань авч өгсөн. Үнийн хувьд 70 орчим мянган евро, Монгол мөнгөөр бол 140 сая төгрөг гэсэн үг л дээ”. Гэж 2008 онд ярилцлага өгч монголчуудыг гайхуулж байсан. Дуучин Б.Сарантуяа “Төрсөн өдрөөр MCS Кока кола бүтэн жилийн хэрэглээний кола үнэгүй нийлүүлж байлаа. АПУ компанийнхан бас бүтэн жилийн хэрэглээний “Хатагтай” дарсаа бэлэглэсэн. АПУ-гийн Батсайхан, MCS-ийн Оджаргал төрсөн өдрөөр сваровски микрофон бэлэглэсэн” гэж фэнүүддээ сонирхуулж байсан. Гэтэл энэ бүхнийг давж, ахынхаа компанид бүхэл бүтэн орд газар бэлэглэсэн гэх хардлага гарлаа.
Вольфрам буюу гянтболд нь дэлхийн зах зээлд маш өндөр үнээр борлогддог. Төв аймгийн Эрдэнэ Баяндавааны гянтболд, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Улаан-Уулын орд, Цэцэг сумын Цагаан эрэг гэх газруудад гянтболдын орд бий. Гянтболдоор хийсэн сэлэм маш сайн хаттай, бат бөх байдаг гэнэ. Атомын зэвсэг, сансрын техник, чийдэнгийн гол зэрэг амьдрал ахуйд хэрэгцээтэй зүйлс хийдэг төдийгүй, зэр зэвсэг хийхэд өргөн ашигладаг. Одоо өдрөөс өдөрт үнэ нь өсч байгаа. Зах зээл дээр нэг кг вольфрам буюу гянтболд 24-28 мянган төгрөг хүрч, эрэлт нэмэгдсэн. Тиймээс Ашигт малтмал, Газрын тосны газар дээр тусгай зөвшөөрөл хүссэн олон тооны өргөдөл, хүсэлт ирсэн байна. Тухайлбал Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дахь вольфрамын томоохон ордын илрэц дээр таван компани сонгон шалгаруулалтанд орох хүсэлт гаргажээ.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг 374,1 га бүхий Хатагтай нэртэй талбайд
- “Гүүд кестл “ ХХК
- “Поларис инженеринг консалтинг” ХХК
- “Бажа азиа монголиа” ХХК
- “Зая кристалл” ХХК
- “Чандмань эрдэс” ХХК нар оролцжээ.
Ингээд таван компани өрсөлдөхөд ялах магадлал хамгийн бага, уул уурхайн түүх гэхээр зүйлгүй гадаад худалдаа, барилгын “Гүүд кестл” компани ялалт байгуулжээ. Тус компани засгийн газраас хэрэгжүүлж “Аймагт бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Зүүнхараад 126 айлын барилга барьж байсан. Уул уурхайн талаар туршлагасаад байх зүйлгүй. Харин ялсны дараа асар их хэл ам гарч, энэ компани нэртээ хртэл сольжээ. “Гүүд кестл” компани Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг хүчээр ялалт байгуулсан гэж хардаж байна. Кадастрын дарга Д.Дашзэвэг нь “Гүүд кестл” компанийн захирал Тагарваагийн Эрдэнэбулганы дүү юм байна. Хүүхэн хутагт гэж алдаршсан О.Тагарваа агсны өргөмөл хүү нь Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг. Тиймдээ ч ахдаа орд газар бэлэглэжээ гэсэн хардлагад өртөв. Энэ талаар сонгон шалгаруулалтанд өрсөлдсөн “Бажа Азиа Монголиа“, “Зая Кристал” компаниуд “Дүү нь ахдаа вольфрамын орд бэлэглэлээ” хэмээн хэл ам гарган Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, АТГ-т гомдол гаргасан удаатай.