alim.mn | 2024.12.22
Б.БАТ-ЭРДЭНЭД МАНЗУШИР ХУТАГТЫН,  АСАШЁОРЮҮД МАНЛАЙ ВАН ДАМДИНСҮРЭН, "ЭРЭЛ" ЭРДЭНЭБАТАД ДИЛАВ ХУТАГТЫН, Ц.ЦЭНГЭЛД ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН ГАРТААМ, БОГД ХААНЫ ШҮРЭН ХӨӨРӨГ БИЙ

Баячуудын хувьд хөөрөг нүнжиг бэлээ илтгэдэг гангараа. Тэр тусмаа хэн эдэлж хэрэглэж байсан, ямар түүхтэй гэдгээс хамаараад хөөрөгний үнэ цэн өсдөг. Бие нь үгүй ч, нэр нь алдаршиж үлдсэн хутагт хувилгаад, хаад ноёдын хөөргийг өнөө цагт хэн эзэмшдэг тухай сонирхуулж байна. Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд эртний эдлэлд дуртай.  Тиймээс Бат-Эрдэнэ аварга хэд хэдэн сайхан хөөрөгтэй ч хамгийн алдартай нь Манзушир хутагтын барьж байсан хөөрөг. Энэ хөөргийг 1990 оны эхээр Дархан аварга Бат-Эрдэнэ худалдаж авсан гэдэг.  Ард иргэдийн амьдрал сайнгүй, мөнгө хатуу байх үед энэ хөөргийг Б.Бат-Эрдэнэ чамгүй өндөр үнээр худалдаж авсан гэдэг. Алдартай хутагтын хөөрөг аваргын гарт орсноор алдар нэр, олз омог, аз хийморь дагуулсан гэж билэгшээдэг учраас Б.Бат-Эрдэнэ аварга энэ хөөргөө олон хүнд үзүүлээд байдаггүй. Цагаан сар, наадмаар тоотой хэдхэн хүний хүрээнд гаргаж тамхилдаг.  

Монголын түүхэнд цэргийн жанжин, эрдэнэ дайчин, манлай баатар Ж.Дамдинсүрэн гэдэг нэр домог болон мөнхөрсөн. Хөл дээрээ зогссон чиргээрээ бурхны оронд заларсан тухай ярьдаг. Тэгвэл Манлай ван Дамдинсүрэнгийн харлаг манан хөөрөг Их аварга Д.Дагвадоржид хадгалагдаж байна. Эртний түүхтэй, бас дайчин вангийн эдэлж хэрэглэж байсан эд болохоор энэ хөөргийг их өндөр үнэ төлж өөрийн болгосон гэнэ. Саяхан Манлайбаатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав Дархан-Уул аймагт ядруухан амьдарч байгаа тухай нэвтрүүлэг гарсан. Үүнийг олж үзсэн Асашёорюү Д.Дагвадорж Манлайбаатар Дамдинсүрэнгийн зээ охинд хоёр өрөө байр бэлэглэж ач тусаа үзүүлсэн.

  Монгол Улсын НҮБ-ын гишүүн үлэмж их хувь нэмэр оруулсан, тамгатай 13 хутагтын нэг Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын хөөргийг “Эрэл”-ийн Эрдэнэбат нандигнан хадгалж байдаг. 1990 оны сүүлчээр Гандагтэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц Америкт Нью-Жерси мужид байдаг Дилав хутагтын хийдэд очиж мөргөжээ. Дилав хутагтын үнэнч шавь, үйл хэргийг залгамжилж яваа Жамбалдорж ламтан Чойжамц ламтанг хүлээн авч, Дилав хутагтын хоёр хөөргийг түүний багш Очирдарь ламын барьж байсан даалингийн хамт өгч “Энэ хоёр хөөрөг даалинтайгаа бүтэн нэг жарны дараа эх нутаг Монголдоо эргэн очих цаг нь болсон байжээ" гээд дайж  явуулжээ. Ингэхдээ энэ хоёр хөөрөг, даалин Монголд л байх ёстой, хилийн дээс давах учиргүйг сануулсан байна. Энэ тухай дам сонссон баячууд Д .Чойжамц хамбыг нутагтаа ирэхэд алдартай хутагтын хөөргийг өөрийн болгохоор үнэ хаялцаж байсан гэж ярьдаг.  Энэ хөөргийг одоо “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат эзэмшдэг.

УИХ-ын гишүүн асан, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг ганган Цэнгэл гэдэг. Цагаан сараар халиу, булган хантааз өмсөж, Богд хааны хэрэглэж байсан  шүрэн хөөргийг бариад явахад Ц.Цэнгэлд эд мэддэг хүн өөрийн эрхгүй нүд унагадаг.  Ц.Цэнгэлд мөн Далайчойнхор вангийн хэрэглэж байсан шүрэн тоногтой эмээл байдаг. Эртний чамин эдлэл хэрэглэл, хурдан моринд хорхойтой Ц.Цэнгэлд мөн Чинван Ханддоржийн чин гартаам хөөрөг хадгалагдаж байдаг.

Иточү корпорацийн экс босс Т.Энхбат Сайн ноён хан Намнансүрэнгийн пийсүү хөөргөөр гангардаг

Богд хаант Монгол Улсын ерөнхий сайд агсан сайн ноён хан Т.Намнансүрэнгийн барьж байсан пийсүү хөөрөг “Иточү” корпорацийн гэж овоглогддог Т.Энхбатад хадгалагдаж байна. Пийсүү нь ногоон, цагаан, шар өнгөтэй байх бөгөөд ногоон нь гэхэд 12 өөр өнгөтэй байдаг гэнэ. Ногоон өнгөтэй, шил мэт тунгалаг энэ содон хөөргийг Д.Энхбатаас авах гэсэн нэгэн баян эр 150 мянган ам доллар амлаад ч худалдаж авч чадаагүй. Сайн ноён ханы барьж байсан энэ хөөрөг өдөр ирэх үнэд орох нь мэдээж. 

Дэд сайд  асан Ж.Цолмонд Дондогдулам хатны сувдан цагаан хөөрөг бий
Үндэсний өв соёлоо хадгалж, монгол хувцасаараа гангарах дуртай Эрүүл Мэндийн Дэд сайд Цолмонд VIII Богд Жавзандамба хутагтын төрийн их хатан Дондогдуламын сувдан цагаан хөөрөг хадгалагддаг. 1979 онд Гүрдаваа Ринбүүчи “Энэ бол Монголын өмч, Монгол хүн эдлэх ёстой юм шүү” гэж дэд сайдын ээжид өөрийн гараар өвлүүлэн үлдээсэн нь өнөөдөр Ж.Цолмонд хадгалагдаж байна. Дондогдулам хатны хөөрөг Монголбанкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбат агсны эхнэрт бий гэх юм билээ.

МОНГОЛЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХӨӨРГИЙГ “МОН-УРАН”- Ы Б.НАРАНХҮҮ БАРЬДАГ

Монголын тэргүүн баячуудын жагсаалтад байнга дээгүүрт нэр нь бичигддэг "Мон-Уран"-ы Б.Наранхүү гэх эрхэм бий. Тэрбээр Монголын хамгийн өндөр үнэ өртөгтэй, эртний хөөргийг гартаа барьдаг гэнэ. Түүний хөөрөг 16-р зууны үеийн эртний эдлэл бөгөөд 380 сая төгрөгөөр үнэ хаялцуулан худалдан авсан гэдэг.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
10 сарын өмнө
202.179.3.183
маш сайхан эдлэл хэрэглэлүүд монгол хүндээ өвлөгдөж үлдэх нь зүйтэй Сэцэнхан аймгийн Цогбадрах тайжийн хатны барьж байсан мөнгөн хөөрөг их чамин ганган сайхан хөөрөг байдаг юм.
Төстэй мэдээ