Алтны магнат гэж өргөмжлөгдсөн Ц.Мянганбаярын үүсгэн байгуулсан “Монгол газар” компани 2015 оны нэгдүгээр сард санхүүгийн чадваргүй болж, дампуурлаа зарласан. Гэтэл оффисоо барьцаалан Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөг зээлж чаджээ. Уг нь “Монгол газар” компанийн Татварын өрнөөс гадна арилжааны банкууд дахь өр, гадны улс орнуудад тавьсан зээлүүд нэхэгдэж, компанийн удирдлагуудын зүгээс санхүүгийн эрсдэлд орж, төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн гэдгээ мэдэгдсэн. Улмаар дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлт гаргасныг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэж, “Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүйг тогтоосон байна. “Монгол газар” компани нь 1992 онд байгуулагдаж байсан. Уул уурхайгаас гадна барилга, газар тариалан, аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч компани байсан юм. "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаярыг “Анод”, “Зоос” банкуудыг дампууруулсан гэж буруутгадаг. Ц.Мянганбаяр “Манайх арилжааны банкуудаас авсан зээлээ цаг тухайд нь төлж барагдуулсаар ирсэн. “Анод” банкинд манай компани зөвхөн хүүнд гэхэд нийт 17 тэрбум төгрөг төлсөн. “Зоос” хийгээд бусад банкинд ялгаагүй арван хэдэн тэрбум төгрөгийг зээлийн хүүнд өгсөн байдаг” ярьж байлаа. Банк дампууруулсан гэх муу нэртэй "Монгол газар" компани Хөгжлийн банкнаас зээл авч чаджээ. Хөгжлийн банкны хөрөнгийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон улсын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт тус банкны захирал асан Н.Мөнхбат холбогдон, Авлигатай тэмцэх газраас 2015 онд Н.Мөнхбатыг шалгаж эхэлсэн. Түүнийг буруутгасан хэргүүдийн нэг нь “Монгол газар” компанийн оффисын байрыг барьцаалж зээл олгосон явдал. Тухайн үед “Монгол газар” компани дампуурлаа зарласан байсан бөгөөд зээлээ эргэн төлөх чадваргүй компанид 5.6 тэрбум төгрөгийн зээл олгосон нь эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл болжээ.