Монгол Улсад суугаа 23 түвд иргэн Улсын Онцгой комисст 26 сая төгрөг хандивласан. Хандив өргөсөн түвд иргэдийг төлөөлөн IX Богд Жавзандамба хутагтын хүү Түгсрай Ренбүчи болон Лам Кунгаа нар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хандивыг хүлээлгэн өгсөн юм. Уулзалтын үеэр IX Богд Жавзандамба хутагтын хүү “Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сүлд өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан бид Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комиссын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд чин сэтгэлийн талархал дэвшүүлэн хандив өргөж байна. Монгол Улсаар бид бахархаж байна” гэсэн юм.
Үүнтэй холбогдуулж, IX Богд Жавзандамба хутагтын дүр болон тодорсон эрхмийн тухай сонирхуулъя. 1999 онд 67 настай IX Богд Жамбалнамдолчойжижанцан Оросоор дамжин Монголд анх удаа хөл тавьжээ.Лам хуврагууд IX Богд Жавзандамба хутагтыг Эрдэнэзууд нууцаар Бурханы шашны тэргүүнд өргөмжлөв. Удалгүй Монголын эрх баригчид визний хугацаа хэтэрсэн хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүртэл хэлэлцээд 9-р Богдоо бараг л хөөж гаргасан. Үүнээс хойш 10 жилийн дараа, 2009 онд IX Богд Жавзандамба хутагт Жамбалнамдолчойжижанцан Монгол Улсад дахин иржээ. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын харьяат болов. 2011 онд Гандантэгчэнлин хийдэд IX Богд Жамбалнамдолчойжижанцан хутагтыг Монголын бурханы шашны тэргүүнээр дахин өргөмжилж, ширээнд залах ёслол Гандантэгчэнлин хийдэд болсон. 2012 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг буулган, Монголын бурханы шашны тэргүүн хэмээн батламжлав. 2012 оны 3 дугаар сарын 1-ны өдөр буюу цагаан сарын шинийн наймны өдөр Монголын бурханы шашны тэргүүн IX Богд Жамбалнамдолчойжижанцан хутагт 81 настайдаа Улаанбаатар хотын Гандантэгчэнлин хийдэд таалал төгссөн билээ.
Монголын есдүгээр дүрийн Богд Жавзандамба Жамбалнамдол- чойжижанцан бээр Түвдэд Лхасын хойд Томсик гэх газар 1932 он буюу 16 дугаар жарны усан бич жил Рало омгийн Лувсанжамбал, Янжинлхам хоёрын хүү болон мэндэлжээ. Айлын ганц хүү болон мэндлэхэд олон гайхамшигт үйл явдлууд тохиолдсон гэдэг. 9 дүгээр богд бие чилээрхүү үедээ Далай ламтай утсаар ярьж таалал болох өдрөө ярьсан гэдэг. Дээрхийн гэгээнтэн Есдүгээр богд Жавзундамба хутагт 2012 онд Хаврын тэргүүн сарын Шинийн наймны өдөр мөнх бусыг үзүүлсэн. Тэр үеэс хойш Монгол, Төвд шавь нар нь занданшуулан шүтээн бүтээх ажлыг эхлүүлж дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн гэдгээ 2016 онд зарлаж байв.
Есдүгээр богд Дүйнхор дацанд айлтгал хийхдээ “Монгол орондоо ирж шашин амьтны тусыг их хийж амжихгүй нь ээ. Дараагийн аравдугаар дүр маань илүү сайн байх болно” гэж айлдсан. 400 жилийн өмнө Анхдугаар богд өндөр гэгээн Занабазараас хойш удаа дараалан заларч байсан Жавзундамба хутагтын 10 дахь дүр төрөн гарахыг хүлээж байна. Тэр тусмаа Монгол орондоо төрөөсэй гэсэн чин хүсэл хуварга шавь нарт болоод сүсэгтэн олонд байгаа ч одоо ч биеллээ олсонгүй. Уг нь 9 дүгээр Богдыг таалал төгссөнөөс хойш 5 жилийн дотор тодруулах ёстой байсан гэдэг. Тэр ёсоор бол 2017 онд багтаж Аравдугаар Богд Жавзадамба хутагтын дүр тодрох ёстой ч олон нийтэд зарласангүй, таг чиг байсаар байна.
9 дүгээр Богд Жавзандамба хоёр эхнэрийн нүүр үзсэн, долоон хүүхдийн эцэг хүн. Анх 1991 онд XIV Далай лам “IX Богд Жавзандамба” хэмээн монголчуудад зарласан. Түүнээс өмнө 9 дүгээр Богд гэдгээ нууцалж ирсэн гэдэг, Дилав хутагттай уулзаж явсан гэж бичсэн байдаг.