alim.mn | 2025.01.09
Боломжийг хулгайлсан "Ажнай", Ард түмнээ хайрлая намын даргад саналаа бүү өг

Гадаадад цацсан шагай шиг 150 мянга орчим монголчууд дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй. Харин Монголдоо ирэх нэн шаардлагатай гэж хүсэлт гаргасан 9000 орчим монголчууд бий. Ганц хоёр сартай нярайгаас эхлээд, нэг хоёр сартай жирэмсэн эх, хорт хавдар өвчинд шаналсан 85 настай буурай хүртэл бий. Энэтхэгт 55 хэмийн халуунд мах олдохгүй, олигтой хүнс тэжээлгүй хэдэн зуун монголчууд бий. Улсын онцгой комисс ч 2 сартай жирэмсэн тулгар эхийг авчрах уу, 2 сартай хүүхэдтэй ээжийг авчрах уу гэсэн хүнд асуулт тулгарч байгаа тухай ярьсан. Гэтэл тусгай үүргийн эхний онгоцоор экс ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа, Лу.Болд зэрэг гадаадад удаан сурч амьдарсан дарга нар ирсэн. Эхнээсээ эхнэр нь коронавирусын халдвар авсан, вареньтай талх эмчийн өөдөөс шидсэн гэсэн бөөн хэрүүлтэй... Дараагийн онгоцоор заларч ирсэн Асашёорюү Дагвадорж "Дарга нарын эхнэр хүүхдүүд хар машинаар явж, би автобусанд чихэлдэж байна" гэсэн утгатай хэрүүл хийн аархсаар бууж ирсэн юм. Сүүлийн үед гадаадад явах хоббитой болсон экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгай онгоцоор ирж, дэмжигчдээрээ "Хонхны дуу"-г дуулуулж, хөл хорионоос шоудаж яваа. Тэдний хэнд нь нэг ч гэсэн ядарсан эхийг өөрийнхөө оронд суулгаад явуулчих сэтгэл байсангүй. Өчигдрийн онгоцоор "Ажнай"-н Бат-Эрдэнэ, "Жем"-ийн Цэрэнтогтох гарьд, Л.Гүндалай гээд багтаж ядсан мөнгөтэй улс сууж ирэв. Дээрхи хүмүүс ихэвчлэн гадаадад амьдардаг, гадаадад сар амьдарсан ч хотойхгүй. "Ажнай" Бат-Эрдэнэ, Ц.Цэрэнпунцаг гарьд, Л.Гүндалай нар 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохгүй хоцрохвий гэж амь тэмцэж ирсэн. Тэд гадаадад сар жилээр амьдарсан ч хотойхгүй мөнгөтэй, баян тансаг улс. Харин гадаадад хийдэг монголчуудын хувьд хар бор ажил нь олдохгүй, өнөө маргаашгүй мөнгө нь, визний хугацаа нь дуусаж амь наана там цаана яваа иргэдээ хайрласангүй. "Ард түмнээ хайрлая" намын даргад ард түмнээ хайрлах ухаан байсангүй. Хэзээд тусгай үүргийн онгоцонд арга залиа ашиглан сууж, ард иргэдийнхээ боломжоос бас л "хулгайллаа". Монголд хэдийн кастын системтэй болж, феодалын нийгэм ид ноёрхож байх шиг... 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ