Ашигт малтмал, Газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дотны хүн гэдэг. Тиймдээ ч том хүнтэй холбоотой, ажилладаг салбар ч том болохоор Ашигт малтмал, газрын тосны газар болон дарга Х.Хэрлэнг нь томруулдаг шилээр харж, өө алдааг хайх хүн цөөнгүй. Х.Хэрлэн дарга хэл ам багатайхан ажиллаж байгаад жийп машин авсан хэрэгт унажээ. Төсвийн үрлэгэн зардлыг танъя гэж байхад Х.Хэрлэн дарга “Моннис моторс”-оос 170 сая төгрөгөөр орон нутагт ажиллах зориулалт бүхий суудлын автомашин худалдан авчээ гэж шүүмжилж байна. Үүнийг АМГТГ хангалттай олон автомашинтай, уная гэвэл машин байна, ямар ч шаардлага үүсээгүй байхад татвар төлөгчдийн мөнгөөр тансаг хэрэглээгээ бүрдүүлж байна гэсэн хэл ам гарчээ. Хажуугаар нэгэн кофе шопод 26 сая төгрөг төлсөн тухай яриа тархаж, 26 саяар кофе уух ч арай дэндэнээ гэж шүүмжилж байна.
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын санхүү дээр нэг сонирхолтой асуудал гарсан нь сургалтын төлбөр нэрээр хэдэн зуун сая төгрөг үе үе гардаг. Өнгөрсөн оны хоёрдугаар сард 219 сая шилжүүлж, 5 сард 202 сая, мөн хувь хүнд 5-60 сая төгрөг шилжүүлсэн байх юм. Тэрчлэн 6 сард 160 мянган ам.доллар, нэг хувь хүнд 61 сая төгрөг, өөр нэгэнд 11 сая төгрөг гаргаж өгчээ. Тэрчлэн нэг иргэнд амжиргааны зардал 13 сая, сургалтын төлбөрт 46 сая 870 мянган төгрөг өгчээ. Мөн л нэг өөр хүнд сургалтын төлбөр 61 сая 600 мянган төгрөг шилжүүлжээ. Дахиад 8 сард сургалтын төлбөр гэж 430 сая 375 мянган төгрөг шилжүүлсэн байх юм. Нэмээд 9 сая, удалгүй 14 саяыг бас л сургалтын төлбөр гэж гаргажээ. Сурагчид, сургалтын оргил үед есдүгээр сард 807 сая 800 мянган төгрөг мөн л шилжүүлжээ. Хажуугаар нь 4-5 хүнд сургалтын төлбөр гээд 5 саяас 45 сая хүртэл гаргаж өгчээ. Ашигт малтмал газрын тосны газрынхан тархиа цэнэглэхдээ, боловсролдоо онцгой анхаарал хандуулдаг, он гарсаар тэрбум төгрөг сургалтын төлбөрт өгчихсөн юм биш үү гэж байна.