alim.mn | 2024.12.23
70 тэрбум төгрөг төлж, сансарт ниснэ гэсэн "Эрэл"-ийн Эрдэнэбатын компани хүнд байна

Эрэл"-ийн Эрдэнэбат 70 тэрбум төгрөг төлж, сансарт аялах захиалга өгчээ гэсэн мэдээлэл Тэргүүн сонинд гарч олныг гайхшруулж байлаа. Монгол хүн сансарт ниссэнээс хойш 39 жил өнгөрч байна. 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монголын иргэн Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт ‘’Союз-39’’ хөлгөөр сансарт нисэж тэд сансарт долоо хоног, 20 цаг, 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрч, эх дэлхийдээ амжилттай газардаж байсан түүхтэй.

 Монгол улсын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн, харин Монголын түүхэнд анхных нь. Тэгвэл Монголчуудаас сансарт нисэх магадлалтай хоёр дахь хүнээр УИХ-ын гишүүн асан, “Эрэл” группын босс Бадарчийн Эрдэнэбат тодорлоо гэлцэж байлаа. Сүүлийн үед баян монголчууд дэлхийн баячуудтай зиндаархан онгоц худалдан авч, гадаадад эдлэн газар авдаг болсон. Харин экс гишүүн Б.Эрдэнэбат сансрын аялалд их хэмжээний мөнгө төлсөн гэлцэж байлаа. Монгол мөнгөөр 70 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй энэ сансрын аялал мөнгөнөөс гадна хатуу шаардлага тавьдаг, эрүүл мэнд, сэтгэл санааны асар их бэлтгэл шаарддаг гэсэн. Тиймээс Б.Эрдэнэбат ОХУ-ын Олон улсын сансрын станцад очиж эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Эхний үзлэгтээ тэнцсэн гэж бичиж байв. Телевизийн нэвтрүүлэгч, дуучин, жүжигчин Д.Цовоо, Б.Эрдэнэбатын эхнэрийнх нь төрсөн дүү. Хүргэн ахтайгаа тун элгэмсүү байдаг энэ бүсгүй ахыгаа сансрын аялал хийхээр бэлтгэж байгааг найзууддаа анхлан дуулгаж, найзуудынх нь хүрээнээс энэ мэдээ тарсан гэж байв. Монголын тэргүүн баячуудын жагсаалтанд багтдаг Б.Эрдэнэбат 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2004- 2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хvчний сайдын албыг хашиж байсан. Тухайн үед тэрбээр тансаг хэрэглээний долоо автомашин, 18 тэрбум төгрөгийн хөрөнгөөрөө парламентийн гишүүдийг тэргүүлж байлаа. Тэр үед АТГ-т өгсөн албан ёсны мэдүүлэгтээ Б.Эрдэнэбат сайд 3.2 сая төгрөгийн орлоготой, эхнэр Сэргэлэнгээ 66 сая төгрөгийн орлого жилд олдог гэж мэдүүлжээ. Түүний хувийнх нь автомашины цуглуулга тансаг “парк” бvрдүүлнэ. Түүний гражид “бух” бенз хоёр, Ландкруйзер Лексус маркийн жийп хоёр, Лексус нэг ширхэг, Хаммер Н1, Хаммер Н2 зэрэг тансаг зэрэглэлийн автомашинууд бий. Түүний үүсгэн байгуулсан “Эрэл”ХХК, “Эрэл” банк, “Эрэл” даатгал, “Барилга орд” зэрэг компаниудийнх нь нийт хөрөнгө 17 тэрбум 214 сая 100 мянган төгрөгөөр одоогоос есөн жилийн өмнө үнэлэгдэж байжээ.  “Эрэл” сургууль, “Эрэл” эмнэлэг, “Эрэл” цемент зэрэг компанитай. “Эрэл” нэртэй хайгуулын экспедицийг байгуулж их хэмжээний алт олборлож байсан Б.Эрдэнэбат гишүүний бизнес сүүлийн үед хэцүүдэж байгаа. Нийт 222 тэрбум төгрөгийн өртэй гэсэн тооцоо гарч, шүүхийн нэхэмжлэл ирж байгаа гэдэг. Анх монголчуудын цалин 10-20 доллар байхад, зөвлөх Пэлжид гуайг 500-600 сая доллароор цалинжуулж, 2000 онд хүүгээ "хороололд хоёр өрөө байранд оруулж, скайтелийн дугаар бариулж, эксел унуулна шүү" гэж загнасан хэмээн домог шиг яригддаг, хөлтэй хөдөлдөг эрхмийн бизнес өнөөдөр хүндхэн байгаа нь нууц биш. Тиймээс сансарт нисэх нь ч өнгөрч, компаниа цаашид авч үлдэх нь чухал болсон байх. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
103.80.210.183
зургаараа явж байна сансарт чад хийнэ. эндээ хүмүүсийн амьдрал сүйрүүлсэн уурхай, Онги нуураа нөхөн сэргээж тамын хаалганаас зайлуулах аа л бод хий.
Төстэй мэдээ