Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилохоор болжээ. Мөн дэд ерөнхийлөгчөөр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайванг томилохоор болсон байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн томилсон учраас дэд ерөнхийлөгчийн суудал эзгүй байсан билээ. Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн нь Хэнтий аймгийн Засаг дарга Г.Ганбямбын хүү гэдгээр нь улс төрийн хүрээнд андахгүй. Г.Дөлгөөн нь МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ. Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм. Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагчаар 2008-2016 онд ажилласан Г.Дөлгөөнийг Монголбанкинд хэлтсийн дарга ч хийж үзээгүй байж, Тэргүүн дэд ерөнхийлөгч болсон нь суга дэвшсэн хэрэг гэж ярьж байна. Г.Дөлгөөнийн ерөнхий сайдтай нутаг болохоор сүүлийн жилүүдэд албан тушаалын шатаар амжилттай ахиж яваа гэлцдэг. Тиймээс одоо экс гишүүн Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг явж, Н.Ганбямбын хүү ирж байна. Өмнө нь экс ерөнхиийлөгч Н.Энхбаярын хүү дэд ерөнхийлөгчөөр ажилласан болохоор үе залгамжлах "хунтайж"-ууд л Төвбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогддог боллоо гэсэн шүүмжлэл гарч байна.
Дэд ерөнхийлөгчөөр томилогдох Г.Энхтайван нь Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ийн дэвшин томилогдож байна. Өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөгдөж байхад горилогчдын дунд Г.Энхтайван яригдаж байсан юм.