Н.Номтойбаяр УИХ-д бие даан нэр дэвшихээ эрт зарласан. Сонгуулийн тухай хуулийн дагуу өчигдөр сонгогчдын гарын үсгийн цуглуулах аянаа эхэлснээ зарлалаа. "МАК" группын босс Б.Нямтайширийн хүү Н.Номтойбаяр ээж Хулангаа олны өмнө гаргаж "Эрч хүч илэрхийлсэн морин цагийн мэнд ээ!
Өнөөдөр УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүргээс бие даан нэр дэвшигч Нямтайширын Номтойбаяр миний бие хуульд зааснаар дэмжигч сонгогчдын гарын үсэг цуглуулах аяныг эхлүүллээ. Хүүгээ дэмжиж ХАН-УУЛ дүүргийн 11-р хорооны сонгогч, ээж маань эхний дэмжигч болж гарын үсгээ зурлаа. Монгол төр болон эрхэм ээждээ хүндэтгэл үзүүлж монгол цэргийн хувцсаа өмслөө. Хүмүүн бид эхийнхээ ач тусын талаарх сэтгэгдэл, мэдрэмжийг илэрхийлэх үг, шүлэг, дуу, ном зохиол ихээр бичдэг. Тэгсэн хэдий ч бидний хэрэглээний эрхэм дээд тансаг үгс сэтгэл, дотоод мэдрэмжээ илэрхийлэхэд хангалтгүй, дутаад байгаа мэт санагддаг" гэж их "уянгалаг" эхлэв. МАК-ын Нямтайшир, төрсөн дүү Н.Цэлмүүн нь олны танил болсон. Харин Н.Номтойбаярын ээж Хулан олны өмнө хамт төдийлөн гардаггүй. Б.Нямтайширтай хамт хойд хөршид сурч байсан, зах зээлийн үед хамтдаа бизнес эрхэлсэн буриад эмэгтэй гэдэг. Мөн Н.Номтойбаярын ээж Хулан сайн удган, хүчтэй сахиустай, ОХУ-ын зөнбилгийн тулааны шилдэг харилцагчидтай ойр дотно холбоотой байдаг гэлцдэг. Юутай ч эхийн сэтгэл, дээр нь удган ээжийн хүчтэй сахиус, эцгийн хөрөнгө бэл байхад Н.Номтойбаяр алзахгүй, амласнаараа Ц.Нямдорж байтугай бусдыг нь ялж УИХ-д гурав дахь удаагаа сонгогдлоо гээд сууж байх өдөр ирэх ч юм бил үү...