“Тэсо” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл 2016 оны сонгуулийн өмнөхөн Увс аймгийн сумдаар гурил, будаа тараасан. Гурил, будаа, “Лавшаа” гоймон, чипс, наранцэцэгийн тос, зөөлөн чихэр гээд нэг өрхөд 60 гаруй мянган төгрөгийн бэлэг тараасан гэх юм билээ. Увс аймаг 20 мянга гаруй өрхтэй гэхээр хичнээн их мөнгө зарсан нь тодорхой. Ингээдт 2016 онд нэр дэвшсэн ч ялагдсан удаатай. О.Цогтгэрэл 2012 оны сонгуульд нэр дэвшихээр зүтгэсэн ч Увс аймгийнхаа намын хорооноос дэмжлэг аваагүй унасан,
“Тэсо” корпорацийн эрчүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ойр дотно холбоотой. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед ангийн найз О.Сайнбуянг “Эрдэнэс Монгол”-ын захирал, харин төрсөн дүү О.Цогтгэрэл нь эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Нутгийн дүүгээ эдийн засгийн зөвлөхөөрөө авч ажиллуулсан. Гэтэл тэр жижиг зайрмагны цех гуравхан жилийн дотор 100 сая ам.долларын төсөл хэрэгжүүлдэг том компани болж хувирсан” гэж хэвлэлүүд бичдэг байлаа.
Увсад навсайтлаа ялагдаж ирсэн О.Цогтгэрэл одоо Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр зүтгэж байгаа. Сонгуульдаа ч эртнээс бэлдсэн. Үүнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уурсаж “Сонгинохайрхан дүүрэгт өдөр бүхэн Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг улс төрийн нам эвсэл, тэндээс нэр дэвшихээр горилж буй хүмүүс хийж байна. Тухайлбал, АН-ын төрсөн өдрөөр айл өрхүүдэд “Ардчилал таймс” сонин, резинэн бээлий, хлораминийг айлуудад үнэ төлбөргүй тараасан. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд нь ажлаа хийгээч ээ. АН-ын экс гишүүн Ч.Содномцэрэн ажлаа хийнэ үү. Сонгуулийн тухай хуульд “Үнэгүй эд зүйл, хөнгөлөлттэй бичиг, аялал жуулчлалын үйл ажиллагааг хориглоно” гэж заасан. Гэтэл “Тэсо” корпораци хүртэл хөнгөлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг кампаничлан тарааж байна. Мөнгө төгрөг, гурил боовоор хуурсан энэ үйлдлээ зогсоогооч гэж уриалж байна. ЦЕГ, Тагнуулын удирдлагууд ажлаа хиймээр байна” гэсэн юм. Тэрчлэн Тэсо” корпорацийн О.Цогтгэрэлийг “СХД-ийн нутаг дэвсгэрт орших хуучнаар тоосгоны үйлдвэрийн газрыг ханцуйдаа наймаалцан авсан гэх хардлага байдаг. Тэрээр “Эрэл”-ийн Эрдэнэбатад тухайн үедээ 14 сая долларын зээл Хөгжлийн банкнаас авч өгснийхөө шан харамжинд тус газрыг авсан гэж сайт дээр бичигдсэн. Тэр газраа “Содон” хорооллыг барьсан, энэ хорооллыг 100 сая доллар буюу тухайн үеийн ханшаар 200 гаран тэрбум төгрөгийн өртөгтэй төслийг хүрээнд хэрэгжүүлсэн гэнэ. Зайрмаг зардаг компани хаанаас энэ их мөнгийг гаргаж ирэв гэж хардах хүмүүс байдаг.